Аж ахуйн нэгжийн тооллого явуулж байна

2016 оны 4 сарын 14

Нийслэлийн Засаг даргын захирамжаар аж ахуйн нэгжийн 2016 оны улсын тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд явуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагын бодит тоог тогтоох, тэдгээрийн байршил, эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн төлөв байдал зэргийг тодорхойлох зорилгоор энэхүү тооллогыг зохион байгуулж байгаа юм. Мөн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж аж ахуйн нэгжүүдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэлтэй болох, цаашид тооллого, бүртгэл, статистикийн мэдээлэл, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түүвэрлэлтийг оновчтой болгоход тооллогын мэдээллээр бүрдсэн санг ашиглах боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
 
Дөрөвдүгээр сард  багтаан улс, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хүүхдийн зуслан, амралт, зочид буудал, аялал жуулчлалын байгууллагуудыг тоолж бүртгэнэ. Мөн санхүү, банк, даатгал, хөдөлмөр, халамжийн байгууллагууд, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын байгууллагууд, цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллагууд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, соёл урлаг, чөлөөт цагийг өнгөрүүлэх байгууллагууд, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын байгууллагууд, тээвэр, холбоо, худалдаа, үйлчилгээний салбарын байгууллагуудыг нэг бүрчлэн тоолж, дүнг нэгтгэх юм байна. Нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа даргалах болох, дүүргийн тооллогын комиссыг Дүүргийн Засаг дарга нар даргалан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна