Калиграфиар “Зүрх сэтгэл”-ийг илэрхийллээ

2016 оны 4 сарын 14

Урчуудын эвлэлийн танхимд “Монголын нууц товчоо”, “Үлэмжийн чанар”, “Төвөргөөн”, “Домог” зэрэг монгол ахуй, бичиг соёлыг калиграфиар илэрхийлсэн үзэсгэлэн өчигдөр /2016.04.13/ нээгдлээ.

Цагаан муутуу цаасан дээр улаан бэхээр “зүрх”, цагаан бэхээр “сэтгэл” хэмээн бичсэн уран бүтээл нүднээ тусав. Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хоймор залрах энэ бүтээлийг зураач Л.Түвшинжаргал урлажээ. Бичиг соёл, монгол уран бичлэгийн холбооноос найм дахь жилдээ зохион байгуулж буй шилдэг бүтээлийн үзэсгэлэнд нийт 70 гаруй уран бүтээл өрсөлдсөнөөс Л.Түвшинжаргалын “Зүрх сэтгэл” бүтээл тэргүүн байрыг эзэлжээ.

Мөн зураач Г.Мөнхбаатарын “Улаан орхиц” гэх бүтээл анхаарал татлаа. Бүтээлд “Хасаг тэрэгнээс дээш гарсан толгой бүхнийг цавчсугай” хэмээн бичжээ. Калиграфиар хасаг тэрэгний дугуйг илэрхийлж, дээр нь улаан орхицыг тэмдэглэсэн байна. Зураач Г.Мөнхбаатар “Улаан орхиц” бүтээлээр уран бүтээлч хүний эмзэглэлийг илэрхийлэхээс гадна монгол бичгийн есөн зурлагын нэг болох орхицоор Монголын түүхийг өгүүлэхийг зорьсон юм” гэв. Тэмцээний шүүгчид уг бүтээлийг “Тэргүүн байртай энэ зэрэгцэхүйц бүтээл болсон” хэмээн дүгнэж байлаа.

Үзэсгэлэнг сонирхож буй 84 дүгээр сургуулийн 8е ангийн сурагч Б.Эрхэс “Надад монгол бичгээр үгийг хэрхэн урлаж байгаа нь харах сайхан байна. Бүгд их өвөрмөц санагдлаа” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна