АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөллөө

2016 оны 4 сарын 14

12:01

Өнгөрсөн Мягмар гаригт АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр буюу Лхагва гаригт хэлэлцсэн бол өнөөдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр гишүүд санал хэлж, асуулт тавьж байсан юм.

Д.Ганбат: Би Вангадах юм алга, эсвэл худлаа шударга царайлаад улс орноо хорлох гэсэн юм алга. Хоёр хувийн компани шалгах гээд хар хувцастай хүнээр дүүрсэн хоёр гурван машин гадна нь зогсоочихсон. Энэ асуудлаас болоод та чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн үү.   Та энэ талаар санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй.

Н.Ганболд: Даваа гаригт болсон үйл явдлыг цагдаагийн байгууллагаас явуулсан арга хэмжээ гэж харсан. Эвгүй л харагдаж байна лээ.

Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналыг 43 гишүүн дэмжсэнээр АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь  чөлөөллөө.


10:56

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон үндэслэлээ эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хэмээн гаргасан юм.  Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг. Тэрээр АТГ-ын даргын албыг 4.6 жилдээ хашиж буй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан: УИХ-ын сонгууль дөхсөн үед та ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Хэн нэгэн ажлаа өг гэж дарамталж байв уу. Олигарх бүлэглэлүүд АТГ-ыг  хоорондын тэмцлээ болгон ашиглаж байна гэсэн мэдээлэл ирж байгаа. Төрөөр бизнес хийдэг олигарх бүлэглэлийг нэрлэж өгөөч. Таныг чөлөөлж ч магадгүй, чөлөөлөхгүй ч байж магадгүй. Авлигатай тэмцэх бодлогод ийм зүйлүүд саад учруулж байна гэдгийг хэлж өгөөч. Хүнд ажил гэдгийг ойлгож байна. Гурав дахь дарга нь та. АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Энэ утгаараа та 18 дахь жил дээр нь  ажлаа өгөх ёстой ч тус газар байгуулагдсан 8-9 хэн жилийн дотор гурван дарга солигдох нь. Оффшор дансанд доллар аваачиж нуусан хэрэг яригдаж эхлээд байна. Энд 1 сая ам.доллар биш, нэлээн хэдэн сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Араас нь явж шалгадаг юм уу. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс яам, агентлагийн даргаар томилогдож, үүнд хариуцлага тооцох боломж байдаггүй юм уу?

Н.Ганболд: Төрийн тусгай албанд олон жил ажилласан хүний хувьд энгийн байгууллагын иргэдийн хувьд сэтгэл зүйн хувьд чанга байдаг байх. Ямар нэг асуудлыг дарамт шахалт гэж ойлгодоггүй. Айхтар дарамт шахалтад байлаа гэдэг талаас ярихгүй. Алба бол өөрөө хүнд алба. Олигархуудыг нэрлэ гэж байна, улс төрийн хүрээнд яригддаг нэр томъёо. Тодорхой асуудал үүссэн нөхцөлд прокурорын зөвшөөрлөөр ярьдаг. АТГ-ын даргаар 4.6 дахь жилдээ ажиллаж байна. Яаж авлигатай тэмцэх ёстой юм, ямар байх ёстой юм гэдэг талаар санаа оноогоо бичиж өгнө.

Оффшор бүсийн асуудалтай холбоотойгоор шууд харилцах боломж байхгүй юм билээ. Бид оролдсон, судалж үзсэн, хичээсэн, ярьж үзсэн. Боломж байхгүй юм билээ. Их хэцүү асуудал юм билээ.

Яам, агентлагийн тодорхой дарга нарыг сонирхлын зөрчлийн хууль дээр томилж болохгүй шалгуур үзүүлэлтүүд бий. Энийг сөрөөд томилчихсон юм бий. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт энэ тухай албан бичиг явуулсан. Тэр хүнээ чөлөөлөх үү, үгүй юу тэрнээс цааш хууль үйлчлэх боломжгүй байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хувийн өргөдөл гаргасныг тань хүндэтгэж байна. Таныг Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдоход хөрөнгө орлого тань ямар байсан, одоо ямар болсон. Аль нэг компанид хувь эзэмшдэг үү. Та өөрөө авлигаас ангид ажиллаж чадав уу?

Н.Ганболд: Авлигатай тэмцэх байгууллагуудын ажилтнууд болон дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байгаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хяналтад ил байдаг.  АТГ-ын дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэглэлд хамаараад Монгол Улсын хэмжээнд зарлагддаг. Өнгөрсөн хугацаанд нэг их айхтар өөрчлөгдөөгүй. Нээлттэй байгаа учраас тэндээс олоод үзчихээрэй. Аль нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна