В.Путин өнөөдөр телевизийн ээлжит ярилцлагаа хийнэ

2016 оны 4 сарын 14

Владимир Путины шууд ярилцлагын тод агшнуудаас

 

Фото: Владимир Родионов / РИА Новости

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин жил бүр телевизийн шууд ярилцлагад орж, ард иргэдийнхээ асуултад хариулдаг уламжлал тогтоод байгаа. Энэ ярилцлага өнөөдөр болно. 2001 онд эхэлсэн энэ ярилцлага жилээс жилд чансаа нь өсч иржээ. Өмнөх ярилцлагуудаас дурсагдан үлдсэн тод агшнууд юу байв?

 

Хэн, хэзээ хаана?

 

“Владимир Путинтэй шууд ярилцлага”  нэвтрүүлэг нь ОХУ-ын телевизийн өвөрмөц формат бөгөөд түүнийг хамгийн анх Нэгдүгээр суваг телевизийн ерөнхий захирал Константин Эрнст, Бүх Оросын радио, телевизийн улсын хорооны дарга Олег Добродеев нар санаачилжээ. Анхны нэвтрүүлгүүд нь Борис Ельциний ерөнхийлөгч байхдаа байгуулсан Кремлийн телевизийн төвөөс цацагджээ. Эхний нэвтрүүлэг нь 2.20 цаг үргэлжилж, Владимир Путин 47 асуултад хариулжээ. Ерөнхийлөгчтэй хийсэн шууд нэвтрүүлгийг Нэгдүгээр суваг, РТР телевизээр үзэгчдийн 70 хувь  үзсэн байв. Иргэдээс 400 мянган асуулт ирсэн. Харин энэ онд асуултын тоо гурван сая хүрчээ.

 

Шууд нэвтрүүлгийг 2008 онд “Гостиный Двор” буудлаас цацжээ. Сэтгүүлчдэд зориулсан Хэвлэлийн төвийг буудлын зэргэлдээ шөнийн клубт байгуулсан байв. Дараагийн жилд нь төвийг ресторанд байрлуулав.

 

Шууд нэвтрүүлэг асуулт, хариулт хэлбэрээр болдог. Асуултыг зохион байгуулагчид урьдчилан бэлтгэсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Нэвирүүлгийн үеэр ерөнхийлөгчтэй утсаар шууд холбогдсон ахимаг насны эмэгтэй Путинтэй ярьж байгаадаа итгээгүй тохиолдол 2007 онд гарч байв. “Энэ та мөн үү?”, “Та, нээрээ мөн үү?” гээд л асуугаад байжээ. “Өмнө нь та бас байсан уу?” гэж асуухад нь Путин “Тийм ээ, би байсан” гэж хариулсан юм. “Ээ, бурхан минь, баярлалаа!” гэж тэр хэлээд холбоо тасарсан юм...

 

Нэвтрүүлгийг 15 жилийн турш Нэгдүгээр суваг, Бүх оросын радио, телевизийн улсын хороо эрхлэн явуулсаар байна. Харин одоо асуудлыг тусгай хаягаар долоо хоногийн өмнөөс  хүлээн авах болжээ. Бүх асуултад хариу өгдөг. Үе үе энэ нэвтрүүлгээр мөнгө олох гэсэн зальтнууд гардаг аж. Путинд мөнгө төлөөд асуултаа тавихыг тэд санал болгодог ажээ.

 

Владимир Путин шууд нэвтрүүлгийнхээ дараах хэвлэлийн бага хурлын үеэр, 2006 он.  Фото: Владимир Родионов / ТАСС

 

Фаина Ивановна, хонгор минь, та Аляскаар яах гэсэн юм бэ

 

Асуулт саяараа ирэх боловч шууд нэвтрүүлэгт хэдэн арав нь л багтдаг. Олон цагийн нэвтрүүлэг ерөнхийлөгчийн хариултаар л дурсагдан үлдэнэ. “Бидний өмнө  танд ичгэвтэр биш үү?” гэсэн асуултыг Владимир Путин 2010 онд сонгон аваад “Үгүй, ичих зүйл байхгүй!” гэж хариулж байлаа. М.Ходорковскийн тухай асуухад “Уулзах газраа өөрчилж болохгүй” гэсэн киноны хэллэг “Хулгайч  шоронд суух ёстой” гэсэн үгээр хариулж байв.

 

Нэг удаагийн нэвтрүүлэгтээ АНУ-ын сенатор Жон Маккейны намтраас хэсгийг сануулж байв. Мауммар Каддафийн үхлийн дараа Жон Маккеэйн “дэлхийн бүх дарангуйлагч” түүний тоонд Путинд хандан “сандарч эхлэхийг” сануулсан байв. Жон залуудаа Вьетнамд байлдаж яваад олзлогдон нүхэнд хоригдож байсан юм. “Ийм нөхцөлд хэний ч тархи гашлалгүй яав” хэмээн Путин хариу барьсан юм

 

“Эх орон гэж юу вэ” гэсэн асуултад тэрээр “Манай олон нутаг нэгтний нэгэн адил  тэр нь миний амьдрал” гэж хариулж байлаа. НАТО-гийн түрэмгий бодлого нь  “хоолой боогдож буй сэтгэгдэл төрүүлж байна” гэсэн “Вести” хөтөлбөрийн хөтлөгч Дмитрий Киселевын үгийг 2014 онд Путин тайлбарлахдаа “Бид өөрсдөө хэнийг ч боймолж чадна, та юунаас айгаав?” гэж байлаа.

 

Тэтгэвэрийн хөгшин Фаина Ивановна ерөнхийлөгчөөс ОХУ Аляскийг буцаан авах уу гэж асуухад “Фаина Ивановна, хонгор минь, та Аляскаар яах гээ вэ?” гэж Путин гайхаад “Манай орны 70 хувь нь хойд зүгийн нутаг. Аляска чинь өмнөд хэсгийн нутаг юм уу? Мөн л хүйтэн байгаа” гэж хариулж байлаа. Оросууд Аляскийг тоглоом болгон “Айс-Крым” гэж нэрлэдгийг би мэдсэн гэж Путин нэмэн хэлсэн юм.

 

Өнгөрсөн онд үнэ тариф, хориг, Украин, Борис Немцовыг хөнөөсөн хэрэг, Исламын улстай хийж байгаа тэмцэл оросуудын сэтгэлийг зовоож байсан. Украинд хамаатай гадаад бодлогоо “Бид тэднийг чөлөөллөө” гэж тайлбарлаж байв.

 

Сонсоод тусалсан

 

Хэн нэгний хувийн амьдралын асуудлыг шийдэх тохиолдол жил бүрийн шууд нэвтрүүлгийн үеэр гардаг. Орон нутгийн удирдлагадаа хандаад асуудлаа шийдүүлж чадааггүй хүмүүс Путинд хандаснаар хувь заяа ид шидийн мэт өөрчлөгдөн, шийдвэрлээгүй асуудал нь шийдэгддэг.

 

Эмч Иван Хренов үнэний төлөө ажлаараа дэнчин тавив.  Фото: Григорий Сысоев / РИА Новости

 

Буриадын Даша Варфолеева гэдэг охины түүх 2008 оны уулзалтаас тод үлдсэн юм. “Володя ах аа! Удалгүй шинэ жил болно. Эмээгийнхээ тэтгэврээр бид амьдардаг. Тосгонд ажил байхгүй. Дүү охинтой хамт бид хоёр  шинэ даашинзтай болохыг хүсдэг. Үнсгэлжинийх шиг даашинзыг танаас бид гуйж байна. Шинэ жилээр сайн санаат шидтэн болно уу” гэж есөн настай охин хүссэн юм. Путин Дашаг Москвагийн шинэ жилийн наадамд гэр бүлийнх нь хамт урьсан юм. Охин Москвад ирээд шинэ оны наадамд оролцож, ерөнхийлөгчтэй уулзан даашинзаа бэлгэнд авч Их театрт үзвэр үзжээ. Сэтгүүлчид түүнийг Буриадын Үнсгэлжин гэж нэрлэсэн билээ.

 

Дуулиант хэрэг 2010 оны шууд нэвтрүүлэгийн үеэр гарсан юм. Эмч Иван Хренов шууд нэвтрүүлгээр Путинд эмнэлгийнхээ тухай ярин  ерөнхийлөгчийг Иванов мужид айлчлах үеэр эмнэлэгт нь өөр эмнэлгээс багаж төхөөрөмж авчирч, хувцсаа сольсон эмнэлгийн ажилтнууд өвчтөний дүрд “жүжиглэсэнийг” хэлсэн юм. Шалгалтын дараа мужийн Эрүүл мэндийн байгууллагын дарга нар ажлаа өгч харин Хреновыг прокурорт дуудан асуудалд оруулсан юм. Матаачийг нэртэй хүүхдийн эмч Леонид Рошаль дэмжин  мэргэжлээр нь ахиулсан байв.

 

2011 оны шууд ярилцлагын баатар нь “Уралвагонзавод”-ын цехийн дарга Игорь Холманских болсон юм. Тэрээр өөрөө Москвад ирж эсэргүүцлийн жагсаалд оролцогсдод хариу өгөх санал тавьсан байв. Дараа нь тэрээр Путиныг сонгуульд дэмжих хороог санаачлан толгойлогчийн нэг болсон төдийгүй Путин ерөнхийлөгч болсны дараа Холбооны тойрогт ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилогджээ.

 

Өнгөрсөн оны нэвтрүүлгийн маргааш хөгжлийн бэрхшээлтэй 15 настай охин Соня Бабич өндөр үнэтэй тренажерийн төхөөрөмж бэлгэнд авч байлаа.

 

В.Путины шууд ярилцлагыг Оросын “Первый”, “Россия 1”, “Россия 24” сувгууд, “Маяк”, “Вести FM”, “Радио России” радиогоор шууд дамжуулна

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна