Бразилийн ерөнхийлөгч импичментад алхам ойртов

2016 оны 4 сарын 14

Дилма Руссефф

 

Өнгөрсөн Мягмар гаригт Бразилийн цагдаагийнхан сенатор асан Аргуэлло-г  баривчилсан байна. Тус орны ерөнхийлөгч Дилма Руссефф-т итгэл үзүүлэх эсэх асуудлын гол сэдэв болсон авлигын хэргийн хоёр жилийн мөрдөн ажиллагаатай холбогдуулан сенаторыг баривчилжээ.

 

Прокурорын анхаарлыг тус орны томоохонд орох нефть, байгалийн хийн Petroleo Brasileiro SA компани татжээ. Энэ компаниас гадна өөр хэдэн том компани, мөн удирдлагын хамгийн дээд хүрээнийхэн авлигын хэрэгт сэжиглэгдээд байгаа юм. Хөдөлмөрчийн нам засаг авсан 2003 оноос хойших авлигын том хэрэг нь энэ юм.

 

“Автоугаалга” нэртэй ажиллагааг цагдаагийнхан явуулах үеэр Аргуэлло авлига аваад дэд бүтцийн томоохон компаниудын тэргүүн нарт тэднийг Конгрессийн хорооны дуудлагаар очих шаардлагаас чөлөөлж өгнө хэмээн 2014 онд амласан байв.

 

"Манай ардчилсан системд чухал үүрэгтэй Конгрессийн хороог сенатор авлига авахдаа ашигласан нь түгшүүртэй баримт юм” хэмээн прокурор Рибейро Коста хэллээ.

 

Прокурорын үзсэнээр UTC Engenharia, OAS гэх барилгын компаниуд Аргуэлло-д  1,44 сая, 100,5 мянган ам.долларыг тус тус өгчээ. Эдгээр компанийн удирдлагыг өмнө нь баривчилсан юм. OAS компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга  цагдаагийнхны шаардсан бүх бичиг баримтыг өгсөн гэж мэдэгдэв. UTC компанийн төлөөлөгч өөрийн байгууллагыг мөрдөн байцаалтад саад тотгор учруулахгүй гэж мэдэгдсэн байна.

 

Мягмар гаригт цагдаагийн ажиллагаа Сан-Паулу, Рио-де-Жанейро муж болон холбооны тойрогт явагджээ. Барилгын болон инженерийн компаниудын  хэдэн арван удирдлага, 50 орчим улстөрчийг авлигын энэ хэрэгт холбогдуулаад байгаа юм.

 

Ирэх Ням гаригт Бразилийн парламентын доод танхим ерөнхийлөгчийн импичметийн асуудлаар санал хураана. Хэрэв доод танхимын гуравны хоёр нь  санал өгсөн байвал асуудлыг Сенатад шилжүүлнэ. Сүүлийн 10 жилд  гарч байгаа улс төрийн  энэ шуурганд ерөнхийлөгч Дилма Руссефф Конгресс дэх гол холбоотнуудаа алдсан байгаа. Бразилийн парламентын комисс Дилма Руссефф-т импичмент зарлах санаачлагыг дэмжжээ. Түүнийг засгаас зайлуулах саналыг  комиссийн 38 гишүүн дэмжин 27 нь эсрэг санал өгсөн байв.

 

1992 онд авлигад буруутгагдсан ерөнхийлөгч Фернанду Афонсу Колор ди Мелу огцорсноос хойших анхны импичмент нь энэ болох магадлал байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна