95 төрлийн амоксициллин худалдаалж байна

2016 оны 4 сарын 14

МХЕГ-аас “Эмийн зохистой хэрэглээ” аяныг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Аяны хугацаанд эмийн хэрэглээнд хяналт шалгалт, тандалт судалгаа хийсний сацуу эмийн үлйдвэр, эм ханган нийлүүлэгчид, эмийн санчид, хэрэглэгчдийн дунд сургалт сурталчилгаа явуулсныг өнөөдөр /2016.04.13/ болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Эмийн хяналт шалгалтад дотоодод үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирж буй эмийг багтаасан байна. Шалгалтын явцад эм, эмийн хэрэглээтэй холбоотой олон төрлийн зөрчил илэрчээ.

Хүүхэд хөгшид ханиуд шуухинаа хүрэх төдийд л эмчид үзүүлэхээс өмнө эмийн сан руу гүйдэг заншил бидэнд бий. Энэ нь эмчид үзүүлэхэд оочер дугаар ихтэйн дээр үдэш оройн цагаар ажилладаг эмнэлэг ховор, дүүргүүдийн эмнэлгүүдийг зорьж бөөн ажил болсноос захын аптект ороод эм авчих нь хамаагүй хялбар санагддаг. Эмийг ийн эмчийн жоргүй, сайн дураар тун хэтрүүлэн хэрэглэх болсноос эмийн импорт, худалдаа ч газар авсан. Үүнээс үүдэн Монгол Улсад эмийн илүүдэл бий болжээ. Тэр дундаа антибиотек гэгч “хор“-ыг дэндүү ихээр хэрэглэж, эмээр эдгэрэх бус эргээд эмнээсээ хордож байгааг энэ удаагийн шалгалтаар илрүүлжээ.

Монгол Улсын эмийн бүртгэлд нийтдээ 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотик байдаг ажээ. Антибиотик хэрэглэхгүй л бол эдгэхгүй гэсэн буруу ойлголт, эмчийн зааваргүй хэрэглээнээс үүдэн нэг төрлийн антибиотик орсон эмийг зэрэгцүүлэн хэрэглэх, эсвэл өөр нэртэй ч ижил эмийг уух зэргээр хордох болжээ. Нянгийн эсрэг үйлчилгээтэй эмүүдээс та бидний хамгийн сайн мэддэг амоксициллин л гэхэд 95 төрлийнх байдаг ажээ. Түүнчлэн ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27 , бензилбензоат пенициллин 24, цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим 14, цефазолин 10, доксициклин найман  янзаар тус тус бүртгэгдсэн байна. Амоксициллин, ампициллин, ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн нянгийн эсрэг эмийн 35,3 хувийг эзэлж байгаа ажээ.

“Антибиотикийн идэвх тодорхойлох” шинжилгээнд нийт 35 улсын 82 нэрийн эмийн дээжийг шинжлүүлэхэд үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй гарчээ. Хэрэглээ өндөртэй эмийг хэт ихээр оруулж ирснээс хугацаа нь дуусах, хугацаа хэтэрсэн эмийг мэдсээр байж хэрэглэгчдэд түгээсэн зөрчил илэрсээр байгааг МХЕГ-ын байцаагч нар онцоллоо.

Эмийн сангууд жоргүйгээр эм олгож байна

Дээр өгүүлсэнчлэн өвдсөн үедээ  хүмүүс эмч рүү бус эмийн сан руу шууд явах болсон нэг шалтгаан бол эмийг жоргүйгээр шууд олгодог явдал гэж МХЕГ-ын Эрүүл мэнд, болосрол, соёлын хяналтын газрын дарга Н.Гансүх онцлон тэмдэглэж байна. Эмийн сангуудын 65 хувь нь заавал жороор олгох ёстой эмийг ч жоргүйгээр олгож байгаа нь шалгалтаар илэрчээ.

Нөгөөтэйгүүр сүүлийн үед эмч нар жор бичихээс төвөгшөөдөг, бичсэн ч стандартын дагуу зөв бичдэггүй гэдгийг мөн онцолж байлаа. Эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангаагүй байна. Зөв бичигдсэн гэх найман хувийн жор нь  эрүүл мэндийн даатгалаар авдаг эмийн болон мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн жорууд байгааг тогтоожээ.  Эндээс эмч нар жор бичиж чаддаггүй, эсвэл стандартаа мэддэггүйдээ биш гагцхүү нэг эмч олон өвчтөнд үйлчилж байгаатай холбоотой гэж газрын дарга Н.Гансүх тодотгосон. Улсын эмнэлгийн нэг эмч өвчтөнг 20 минут үзэх заалттай ч өдөрт 60-70 хүн үзэхийн тулд яардаг байхыг үгүйсгэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, эмч нар жорыг стандартын дагуу бичихээс төвөгшөөдөг ажээ. Энэ нь мөн л ЭМД-аас  нөхөн төлбөртэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн эмч хэдий хэр олон өвчтөн үзнэ төдий чинээ илүү мөнгө авна. Харин өвчтөн эдгэрсэн эсэх, эмнэлэг үйлчилгээний чанарыг орхигдуулснаас ийм хэрэг үүсч байгааг анхааруулав.

Эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй байна. Эмийн сангууд хүлээн авсан жоронд эм олгосон тухай тэмдэглэл хийн баталгаажуулаагүй, зөрчилтэй буюу буруу бичсэн мөн хугацаа дууссан жороор эм олгосон байна.

Эмийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ бүртгүүлдэггүй

Манай улс нийт 30 орчим эмийн үйлдвэртэй ч хяналт шалгалтад тал хувь нь л хамрагджээ. Тал нь янз бүрийн шалтгаанаар үйлдвэрлэлээ зогсоосон байсан гэнэ. Гуравдугаар сард хэвийн ажиллаж байсан 15 үйлдвэрийг хяналт шинжилгээнд хамруулан,  зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс нь дээж авч Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ. Шинжлүүлсэн эмийн 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй тул эм, бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулжээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 9 байгууллагад нийт 94 заалт бүхий албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн байна.

2014 онд хийгдсэн шалгалтаар 27 эмийн үйлдвэрийн 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 28 хувь буюу 329 нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн  байсан бол өнгөрсөн сарын байдлаар 76 хувь буюу 893 нэрийн эм улсын бүртгэлд бүртгэгдэж бүртгэлтэй эмийн тоо 48 хувиар өссөн байжээ. Гэвч 15 эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь ноцтой зөрчил юм гэж МХЕГ-ын байцаагчид үзэж байна.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна