“Нарлаг Монгол” 40 нас хүрчээ

2016 оны 4 сарын 14

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн “Нарлаг Монгол” олон улсын галт тэрэг зорчигч тээвэрлэж эхэлсний 40 жилийн ой энэ жил тохиож байна. 1976 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Нарлаг Монгол”-ын анхны аялал Улаанбаатараас Москва чиглэлд  хөдөлж байсан түүхтэй ажээ. Анхны галт тэрэгний дарга, үйлчлэгч нар өдгөө сэрүүн тунгалаг байдаг бөгөөд “Нарлаг Монгол”-оор дотоод, гадаадын зочдыг аюул осолгүй тээвэрлэсэн 62-90 насны 50 гаруй хүн гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа юм байна.

УБТЗ-ынхан “Нарлаг Монгол”-ын ойгоо өргөн хүрээнд тэмдэглэхээр зэхэж буй ажээ. 1990-ээд оноос өмнө оюутан залуус, албан ажлаар хойд хөршийг зоригсод энэхүү галт тэргээр зорчих нь түгээмэл байж. Харин ерээд оноос хойш өдгөөг хүртэл олон зуун наймаачдын амьдрал “Нарлаг Монгол”-д өрнөж, олон ч монгол айлын амьжиргаа олон улсын галт тэрэгний аяллаас шалтгаалж байсан гэдэг. Тиймээс 40 жилийн настай “Нарлаг Монгол”-ын ой зөвхөн УБТЗ-ын хамт олны төдийгүй Улаанбаатараас Москваг зорьсон  мянга мянган зорчигчдын ой байх болно гэж зохион байгуулагчид хэлж байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна