Өдөөн хатгасан зүйлд турхирах шаардлагагүй

2016 оны 4 сарын 14

УИХ-ын гишүүн зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Баянгол” зочид буудалд нь хүчний байгууллагынхан нэвтэрсэн нь нэлээд асуудал дагууллаа. Таны хувьд тэнд байсан гэдгээр нь нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн юм?

-Х.Баттулга гишүүн бид хоёр эртнээс бие биенээ мэдэх улс. Баянхонгороос хамтдаа сонгогдсон гишүүний хувьд түүн рүү ажлын шугамаар утсаар ярьтал “Баянгол дээр баахан хүмүүс ирчихсэн байна” гээд нөхцөл байдлыг надад хэлсэн. Би ажилтай байсан ч нэг тойргоос сонгогдсон гишүүдээс гадна найзын хувиар юу болоод байгаа юм бол гээд санаа зовон шууд явж очсон. Баянгол дээр яваад очтол Эрүүгийн маш олон цагдаа нар тусгайгийнхантай хоёр компанийг шалгаж байна гээд байж байсан. УИХ-ын гишүүнийх нь нэр хүндэд халдах гэсэн оролдлого байсан болов уу гэж таамаглаж байна. Тусгайгийнхан очиж хэтэрхий сүржин байдлаар компанийн бичиг баримт шалгаж байна гэж ойлгосон.

Энэ нь өөрөө олон нийтийг эмх замбараагүй байдалд оруулж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Шаардлагатай бол бичиг баримтыг нь шалгаад явчих боломжтой байсан ч арай л сүржигнэсэн үйл явдал болсон. “Баянгол” зочид буудалд маш олон тооны гадны хүмүүс байрласан байхад цонхон доогуур нь тусгайгийн машинууд зогсчихсон, эвгүй л харагдсан байх.

-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдсан юм уу. Хүмүүс халдашгүй бүрэн эрхэд нь халдлаа гээд л шуурсан шүү дээ. Уг нь бол Х.Баттулга гишүүнийг баривчлах гэж ирээгүй гэдгийг ЦЕГ-аас мэдэгдсэн?

-Тийм зүйл ярьсан байна лээ. Гэхдээ тэр өдрийн өглөө нь Х.Баттулга гишүүний туслахаар нь ажиллаж байсан хүмүүсийг барилаа гэдэг мэдээлэл гарсан. Манай бүлгийн хурал дээр ч гэсэн энэ талаар яригдсан. Тэрийг барих гэж байна, тэрийг барилаа гээд байгаа нь цаашдаа ямар нэгэн буруу зүйлийн эхлэл тавигдах вий гэж эмзэглэж байгаагаа нуугаад яахав.

-Х.Баттулга гишүүний бүрэн эрхэд яг халдсан юм уу?

-Бүрэн эрх гэдэг маань хуулийн хүрээнд ямар байдаг билээ. Нөгөө талаасаа УИХ- ын гишүүн ажлаа цаашид үргэлжлүүлэхэд сэтгэл санааны хувьд ямар их хохирол гарч байгаа вэ гэдгийг бодолцох ёстой. Мэдээж ямар нэгэн байдлаар нөлөөлж таарна.

-Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цаашид энэ мэт зүйлс дээр юуг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ. Таны хувьд “Сүржигнэхээ л байчих л даа” хэмээн мэдэгдэж байсан?

-Тусгай албаныхныг тусгай зүйлд л ашиглах ёстой. Хамгийн гол нь хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ийм нөхцөл байдалд тусгайгийнхан заавал очиж ажиллах хэрэг байсан ч юм уу. УИХ-ын гишүүнд хамаатай ч бай, хамаагүй ч бай иргэдийн сэтгэл санааг үймүүлж, эмх замбараагүй байдалд оруулах сэтгэл зүйг хууль хүчний байгууллагынхан үүсгэхгүй байх ёстой.

Хуулийн байгууллагынхан өөрсдөө ийм нөхцөл байдлыг бий болгож болохгүй. Тэд хууль журмынхаа дагуу ажилласан уу, хэрэв тийм бол дүрэм журмынхаа дагуу яах уу гэдгээ бодолцох хэрэгтэй. Түүнээс биш өдөөн хатгасан зүйлд турхирах шаардлагагүй. Гүйцэтгэж буй ажиллагаа нь хэн нэгэн даргын заавар, захиалга байж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Дахин хэлье, хуулиа л мөрдөж ажиллах хэрэгтэй.

Ямар ч хувийн компанид хуулийн байгууллагаас үзлэг, нэгжлэг хийдэг. Хууль хүчнийхэн хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд оролцоод байна гээд бид чинь Өршөөлийн хуулийг баталсан. Гэвч энэ бүхэн төдий л үр дүнгүй болчих гээд байна уу л гэж харагдахаар байна. Би чинь Өршөөлийн хуулийн ажпын хэсгийг ахалж, Өршөөлийн комиссын даргаар нь ажилласан хүн шүү дээ. Энэ бүхэн хэр зэрэг оновчтой байна вэ гэдгийг бодож л сууна.

-Таныг Баянгол зочид буудалд очиход Х.Баттулга гишүүн энэ талаар юу гэж байсан бэ. Тохиолдлоор ч байв уу дөрвөн жилийн өмнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан өдөртэй давхацсан?

-Н.Энхбаярыг баривчилсан өдөртэй давхцууллаа гээд яригдаж байна л даа. Монголын төр зүтгэж байсан хүмүүсээ барьж, хорьж хэлмэгдүүлж ирсэн гээд манайхан ярьдаг л даа. Ер нь манайхан сонгуулийн өмнө улстөрчдөдөө иймэрхүү маягаар хандчих гээд байдаг. Сонгуулийн дараа ямар нэгэн гэм буруугүй байна гээд сулладаг явдал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Уг нь манай Үндсэн хуульд гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа үед

хэнийг ч гэм буруутай мэт ойлголтыг ард түмэнд өгч болохгүй гээд заачихсан. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнийг, АН-ыг сонгуульд унагах гэсэн явуургүй арга юм болов уу. Санал өгөх гэж байсан хүмүүсийн саналыг өөрчлөх, эргэлзээ төрүүлэх, буруутан мэтээр харагдуулахын тулд иймэрхүү үйл ажиллагаа явуулаад байна гэж өөрийн эрхгүй хардахаар байна. Энэ бүгдийгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

Заавал гадны хүмүүс буудалласан зочид буудалд нь ирээд сүрийг үзүүлж байхаар шалгах ёстой эрх бүхий хүмүүс нь тухайн компани дээр ирээд үзлэг, нэгжлэг явуулъя гэсэн бол компанийн ажилчид нь бичиг баримтуудаа гаргаад өгөх байсан байлгүй дээ. Гэгээн цагаан өдрөөр хүмүүсийн анхаарал татаж заавал ийм операци явуулах шаардлагагүй байсан. Энэ хүмүүс заавар журмаа хэр мөрдөж ажиллаж байна вэ гэдэг асуудал байгаа. Нөгөө талд нь сонгуульд оролцуулахгүй гэж нэр хүндэд нь халдах маягаар ажиллаж болохгүй.

Би Х.Баттулга гишүүнд эргэлздэггүй. Парламентад гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажиллаж, Баянхонгорын ард түмний итгэлийг хүлээсэн хүн. Дан ганц Баянхонгор гэлтгүй Монгол Улсын хэмжээнд үнэлэгдэж чадсан, ажил хийх гэж мэрийдэг улстөрч гэдгийг бүгд мэднэ. Монгол улс олимпийн аваргатай болоход энэ хүний оролцоо маш их байсан. Х.Баттулга гишүүн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дэлхий Монголын жүдог сонирхох болсон. Мэддэг болсон. Монголын жүдо энэ хүний хүчээр дэлхийд гарсан. Гадна дотнын хүмүүсийг ирэхэд ганц үзүүлдэг Чингисийн морьт хөшөөг бүтээж монгол хүний бахархлыг бий болгож өгсөн. Монголын улс төрд 10 гаруй жил хийж бүтээхийн төлөө зүтгэж л яваа эр хүн шүү дээ. Улсын том ордоор өрөнд орсон хувийн компанийн өрийгтөлүүлэхгүй гэж нэлээд ажилласан. Үүний хариу үйлдэл болон энэ бүхэн ирж байна гэдгийг Х.Баттулга гишүүн өөрөө ч хэлж байсан.

Түүний эргэн тойронд байгаа хүмүүсийг нэг баривчлаад, нэг суллаад байхаар сэтгэл санааны хувьд маш хүнд, Баянхонгорын сонгогчид, хамтдаа сонгогдсон надад ч гэсэн хүнд тусч байна.

Миний хувьд янз бүрийн зүйлд холбогдоод байхаар хүн биш гэж Х.Баттулга гишүүнд итгэж байгаа. Гэм буруутай нь шүүхээр  нотлогдоогүй байхад тийм зүйл хийсэн мэтээр ойлголт өгч байгаа нь өөрөө буруу зүйл шүү гээд “Сүржигнэхээ байчих л даа” гэсэн юм. Ингэж өдөөн хатгасан зүйл явуулж байж долдугаар сарын нэгэн шиг үймээн самуун дэгдээх вий гэж болгоомжилсны үндсэн дээрочсон. Тэнд очсоноороо ийм аюулыг бага ч гэсэн зайлуулж чадсан байх гэж бодож байгаа.

-Сүүлийн үед АН-ын лидерүүд учраа ололцохгүй байна. Сонгуулийн өмнө иймэрхүү байдал гаргаж байгаа нь намдаа л хасах оноо өгөх байх?

-Ардчилсан нам хийж бүтээхийн төлөө явдаг. Ардчилсан намын үед өөрчлөлт шинэчлэлтийг хийж, урагшаа алхаж чаддаг. Бид олонх болж чадаагүй ч олон суудалтай болсон. Тиймээс бид аль аль намтай нь хамтарч ажиллаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хичээсэн. Нөгөө талаар Ардчилсан намын энэ бүхэн ил тод байдаг гэдэг нь харагддаг. Ил тодоор гаргасан алдаа байвал түүнийгээ засахын төлөө явдаг. Буруу гарсан хатиг шиг байхыг хүсдэггүй. Цаашаагаа толгойлсон хатиг тухайн хүнийхээ эрүүл мэнд, амь насанд ч хүрэх аюултай байдаг. Харин бид буруу зөвөө хоорондоо ярилцаж байна. Ганц удаа Их тэнгэрт очиж ярилцсанаар асуудал төгс шийдлээ олохгүй. Ингэж ярьсны дүнд ахиц дэвшил гарсан. Ардчиллын замаар 200 гаруй жил явсан улс орнууд ч гэсэн алдаж оноод л явж байгаа. Манай орон ардчилалд шилжээд 25 жил болсны цөөхөн жилд нь засагласан. Шийдвэр гаргах хэмжээнд хангалттай санал ирээгүй ч болж бүтээхийн төлөө ажиллаж байна. Биднийг янз бүрээр шүүмжилж байгаа нь ардчилсан оронд байдаг л зүйл. Монголын ард түмэн, улстөрчид аль аль нь ардчилалд суралцаж байгаа шүү.

-Л.Эрдэнэчимэг гишүүн МоАХ-ын зүгээс дөрвөн сайдаа татна гэсэн байна. Яг ямар дөрвөн сайдыг эргүүлж татна гээд байгаа юм бэ?

-Ардчилсан нам фракцтай нам. Гэхдээ фракцгүй болохыг хичээж байна. Албан тушаал, хөрөнгө мөнгө, тендер дээр фракцлахаа больж, итгэл үнэмшил дээрээ нам төлөвших ёстой гэж үзсэн. Бидний үнэт зүйл гэж бий. МоАХ-ноос АН-ын бүлэгт нэлээдгүй хэдэн гишүүн хамаарагддаг. Тэднээс Зам тээврийн сайд М.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарыг сайд болгосон. Гэм буруутай гэдэг нь шүүхээр нотлогдоогүй байгаа үед УИХ-ын гишүүнд маань ингэж хандаж болохгүй гэж үзсэн юм шиг байна лээ. Одоохондоо аль болох улстөржүүлэхгүй учраа олох хэрэгтэй гэсэн сануулга юм. Цаашид яах вэ гэдгээ бид ярьж байгаа. Сайд нар маань ч хоорондоо ярьж байгаа юм билээ.

Х.Баттулга гишүүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тойргийн иргэд нь хэр хүлээж авч байгаа бол. Баянхонгорт ажиллаж байхад хэр мэдрэгдэж байна?

-Х.Баттулга гишүүн бид хоёр болон Ардчилсан намын хувьд Баянхонгор аймагт хийсэн ажил, хэлэх үгтэй яваа. Энэ дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор аймаг маань урагшаа алхаж чадсан. Х.Баттулга гишүүний рейтинг өнөөдөр маш өндөр байгаа. Тиймээс улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх үүднээс нэр хүндийг нь унагах гэсэн явуургүй арга хийж байна уу даа гэж харж байна. Судалгаагаар бидний рейтинг өндөр байгаа болохоор компани нь ч бай, нам нь ч бай Х.Баттулга гишүүнийг дэвшүүлэхгүйн тулд ийм зүйл зохион байгуулж байж магадгүй гэсэн бодол байна. Өөрөө ч гэсэн тэгж хэлж байгаа. Тийм ойлголтыг АН-ын дарга ч мөн хэлсэн. Сүүлийн гурван жил нэг компанийн нөхөр Баянхонгорт оччихсон хөзөр, архи тараагаад байж байна. Хийсэн бүтээсэн зүйлгүй мөртлөө ийм зүйл хийгээд сууж байна л даа. Тэр нь үр дүнд хүрэхгүй болохоор ийм байдал руу шилжиж байгаа юм болов уу. Нөгөө талд нь намайг бидон тараасан гээд нэр дэвших эрхийг нь өгөхгүй байлгах гээд байгаа юм уу хаашаа юм. Иймэрхүү зүйл ажиглагдаж байна. Ингэж улс төр хийхгүй ээ л гэж хэлмээр байна даа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна