Эрхэм дээдэс II Елизавета цомогт

2016 оны 4 сарын 14

Дөрөвдүгээр сарын 21-нд Их Британийн хатан хаан 90 насны ойгоо тэмдэглэнэ. Энэ чухал ойд зориулан Taschen хэвлэлийн газар албаны болон амины олон зуун зурагтай  цомгийн номыг гаргалаа.

Хатан хаан II Елизавета

“Her Majesty” нэртэй цомогт хатан хааны амьдралын бүх үеийг үзүүлжээ. Хүүхэд нас, залуу үе, дэлхийн дайн, 1949 онд хийсэн хурим, хатан хааны титэм зүүсэн 1953 он, хүүхдүүд, амьдралд нь нь таарсан 13 ерөнхий сайд, төрийн тэргүүн нар, Мерелин Монро, Beatles зэргийн алдартнуудыг хүлээн авч байсан зургууд багтжээ.

Аялал жуулчлал, гэртээ байгаа, албан ёсны дэгжин хөргүүд, өмнө нь хэний ч хараагүй гэр бүлийн баярын зургууд нэн сонирхолтой байх нь мэдээж. Зургуудыг авсан хүмүүсийн дунд Сесил Битон, Энни Лейбовиц, Патрик Личфилд зэргийн алдартнууд байгаа бөгөөд цомгийн тайлбарыг хааны намтрыг туурвигч Кристофер Варвик бичжээ.


“Her Majesty” ойн өдөр худалдаанд гарах юм. Гурван зуу гаруй шохойдсон цаасан хуудастай цомог хатуу хавтастай, англи, франц, герман хэл дээр хэвлэгдсэн байна. Нэг цомог £27,99 фунтээр зарагдана. Хатан хааны ой нь дэлхийн хэмжээний баяр юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна