Авлигатай тэмцэх хүсэлгүй улстөрчдийг нэрлэв

2016 оны 4 сарын 14

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ дарга Н.Ганболдыг чөлөөлөх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үетэй давхцан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Олон нийтийн зөвлөлийн /ОНЗ/ дарга Л.Төр-Од, гишүүн Т.Хасбаатар, Д.Цэрэнжав нар мэдээлэл хийж, АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар яаравчлан шийдвэрлэх гэж байгааг онцлон дурдлаа. Энэ нь цаг хугацааны хувьд хэт түргэдсэн асуудал гэж үзэж байгаа учраас ОНЗ энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдлээ.

Тэдний зүгээс сонгууль дөхсөн энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд, улстөрчдийн АТГ-ын хараат бус ажиллах эрхэд халдаж болзошгүй эрхзүйн акт, хууль тогтоомжийг өнгөрсөн жилээс эхлэн санаачилж эхэлсэн нь цаанаа учиртай хэмээн тайлбарлалаа. ОНЗ-ийн дарга Л.Төр-Одын зүгээс өнгөрсөн жил л гэхэд Өршөөлийн тухай хуульд авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг багтаах гэсэн оролдлогыг гишүүд гаргасныг таслан зогсоосон гэдгийг хэлж байна. Энэ мэт байдлаар нэр бүхий гишүүд өөрийн булхай, луйвар, авлигын асуудлаа нуухын тулд АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх оролдлого үзүүлж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санаачлага гаргаж байгаа талаар мэдээллээ. Ялангуяа Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах гэсэн оролдлого гаргаж байгааг дурдлаа.

ОНЗ-ийн гишүүн Т.Хасбаатар “Улстөрчид авлигын хэрэгт холбогдсон бол шууд шалгуулж, нэрээ цэвэрлэж яагаад чадахгүй байна вэ. Олон хүмүүс цуглуулж, дуулиан шуугиан гаргаж сүржигнэж байна. Түүгээр ч барахгүй АТГ-ын үйл ажиллагаанд саад хийх гэж оролдож байна” гэлээ.

Т.Хасбаатар авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй улстөрчдийн төлөөллөөс нь нэрлэлээ. Тэрбээр “З.Энхболд, М.Энхболд, Г.Батхүү, С.Баярцогт, Сү.Батболд тэргүүтэй гишүүд нэн  тэргүүнд авлигын эсрэг тэмцэх хүсэл эрмэлзэлгүй байгааг шууд хэлэх хэрэгтэй” гэсэн юм.

Нийтийн сонсголын тухай хуулиар аливаа хууль, эрх зүйн актыг олон нийт, судлаачдын оролцоотойгоор, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар батлах тухай заасныг дурдлаа. Сонгууль дөхөж, улстөрчид булхай, луйвраа нууж хаах хууль санаачилж, батлахаас сэргийлэхийг ард иргэдэд уриалж байна. Аливаа хууль, эрхзүйг батлахад иргэд идэвхтэй оролцож, нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар АТГ-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллахыг ард иргэдээс уриалж байлаа.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА

Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна