Эхний улиралд нийт бараа эргэлт буурчээ

2016 оны 4 сарын 14

2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4%-иар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 11.0%-иар буюу 118.8 сая ам.доллараар, импорт 14.6%-иар буюу 102.7 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ.  Тайлант  хугацаанд  экспортын  дүн  импортын  дүнгээс  359.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.     

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтүүдийн нэг юм. 2010 оноос хойш тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас ашигтай гарч эхэлсэн. Уг үзүүлэлт 2016 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 365.7 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 22.6 сая ам.доллараар буурсан байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.0% буюу 966.4 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 10.9% буюу 169.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 12.4%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 28.2%-иар тус тус буурсан байна.

Гадаад  худалдааны нөхцөлийн индекс тайлант хугацааны эцэст өмнөх оны мөн үеэс 14.9%-иар буурч, өмнөх  сараас 2.8%-иар өсч 1.263-д хүрлээ.  Тайлант сард  хөрөнгө  оруулалтын  бараа  болон нефтийн бүтээгдэхүүний импортын үнэ буурсан нь ийнхүү худалдааны нөхцөл өмнөх сараас сайжрахад нөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна