“Бүү март” маргааш нээлтээ хийнэ

2016 оны 4 сарын 14

“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино  маргааш нээлтээ хийж, бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болох гэж байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн амьдралаар намтарчлан бүтээсэн уг кино нь мартаж болохгүй түүхийг хүмүүст  хүргэж байгаагаараа онцлог гэж кино бүтээгчид өгүүлжээ. “Бүү март” киноны зохиолыг Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан юм. “Бүү март” киноны баатрууд нь дан түүхэн хүмүүс байгаа бөгөөд тэдний дүрийг хэн бүтээсэн болоод хэр төстэй жүжигчдийг сонгосон бэ, нүүр хувиргалт, тухайн хүнийхээ онцлогийг хэрхэн гаргав гэдэг нь хэн бүхэнд сонирхолтой. Тиймээс бид энэ удаа түүхэн дүрд хувирсан жүжигчдийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэе.

Киноны гол баатар Ж. Батмөнхийн дүрд жүжигчин СТА Н.Төмөрбат тоглож буй бол Юмжаагийн Цэдэнбалын дүрийг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар бүтээжээ. Тэрбээр 25 насандаа "Говь хянганд тулалдсан нь" кинонд Ю.Цэдэнбалын залуугийн  дүрийг бүтээж байсан бол өдгөө 60  насандаа дахин түүхэн хүний дүрийг бүтээсэндээ баяртай байгаа ажээ. БНМАУ-ын түүхэнд мөнхөрсөн удирдагчдын нэг Хорлоогийн Чойбалсан гэхээр Ардын жүжигчин, дуурийн дуучин А.Дашпэлжээ санаанд буудаг. Энэ удаа ч тэрбээр маршал Х.Чойбалсангийн дүрд чадамгай хувирсан байна.

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрайг танихгүй хүн Монголд үгүй. Тэгвэл П.Жасрайн дүрийг хэн бүтээсэн гээч. Жүжигчин Д.Бямбацогт. “Салхи Дамбий”-н дүрээрээ олонд танигдсан СТА Д.Бямбацогт энэ удаа чадварлаг эдийн засагч, ерөнхий сайд болон хувирчээ.

Жамбын Батмөнх гуайн намтар түүх Ардчилсан хөдөлгөөн, ардчиллын анхдагчидтай яалт ч үгүй холбогддог. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан болоод ардчилагчдын төлөөлөл  Дарь.Сүхбаатар нарын дүрийг “Бүү март”-аас тольдоорой.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна