Хөршөөсөө буудай гуйхгүй амьдрах талаар зөвлөлдлөө

2016 оны 4 сарын 14

“Хажуу айлаасаа орой болгон давс гуйгаад явдаг айл хэцүү. Яг үүн шиг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, гишүүн нь хөрш орнуудаасаа буудай гуйгаад явах. Бусдад ямар муухай харагдаж байгаа бол” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич  Ш.Мардаан ярилаа. Түүний дүрсэлсэн энэ үзэгдлийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд тариаланчид техник, технологийн шинэчлэл хийх, үе залгамжлах залуу тариаланчдыг бодлоготойгоор бэлдэх шаардлагатай болжээ. Хэдхэн жилийн дараа Монгол Улсын газар, тариалангийн талбай сүрлэн хучлагатай болж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна үр буудайгаа экспортод гаргах цаг ойртсон тухай ч Ш.Мардаан дурдсан юм. Гэхдээ дээрх зорилтот хүрэхийн тулд тариаланч, төр хоёр одоогийн хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллах нь чухал аж. Харин Сэлэнгэ аймгийн Туулын хөндийд 1000 га-д тариа тарьдаг Г.Баямөнх нэг үеэ бодвол энэ салбарт бариад авах орчин цагийн Тариалангийн тухай хуультай болсоныг онцлоод, малын бэлчээр, тариалангийн талбай хоёрыг хуульд зааснаар яаралтай зааглаж өгөхийг хүссэн юм. Мөн цаг уурчид цаг уурын прогноз, мэдээгээ зөв өгч байхыг тэрбээр санууллаа. Өнгөрсөн жил Монгол Улсын нийт ургацынхаа 70 хувийг алдсан нь цаг уурчдын өгсөн буруу мэдээлэлтэй холбоотой гэв.

УИХ-ын өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Тариалангийн тухай хуулиар  малын бэлчээр, тариан талбайг зааглаж, тариан талбайгаас 500 метрийн зайд малчдын өвөлжөө, хаваржаа барих, мал бэлчээхийг  хориглосон байна. Ингэхдээ энэхүү хууль батлагдахаас өмнө тариан талбайн хажууд өвөлжөө, хаваржаа байсан бол тухайн талбайг эзэмшигч тариаланч өөрийн зардлаар тухайн малчны өвөлжөө, хаваржааг нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй. Дараа нь харьяа сум, аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал өвөлжөөгөө нүүлгүүлсэн малчинд 30 хоногийн дотор шинэ газрыг хуваарилж өгөх эрхтэй аж.

Тариаланчдад 50 тэрбум төгрөгийг эхний ээлжид жилийн 12.5 хувийн хүүтэй хуваан зээлүүлэхээр салбарын яам нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкуудтай дамжуулан зээлдүүлэх гэрээг өнгөрсөн Мягмар гаригт байгуулсан. Тариаланчдын тухайд энэ зээлийг өөр өөрсдийнхөөрөө хүлээж авч байна. Тухайлбал Архангай аймгийн тариаланч Б.Жавхлант дээрх зээлийг аминд тулсан дэмжлэг биш, зээлийн хүү нь өндөр, зээл авахад бүрдүүлэх материал нь олон гэж үзэж байна. Эсрэгээрээ “Агрошим” компанийн захирал С.Хийморсон тариаланчдад үзүүлсэн төрийн том дэмжлэг гэлээ. “Тариаланчид техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Гэхдээ элдэв зээл тусламжаар БНХАУ-аас оруулж ирсэн техникүүд чанаргүй, амархан эвдэрдэг. Иймээс тариаланчид бэлэн мөнгөний зээл авч, өөрсдөө ОХУ-аас урт хугацааны эдэлгээ даах трактор, комбайнуудыг оруулж ирнэ” гэж С.Хийморсон хэллээ. Өмнө ТЭДС-аас зээлээр олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн комбани нь гурван жил ашиглаад эвдэрчээ. Тариаланчид комбайнийг жилд зөвхөн зуны нэг сар л ашигладаг байна.

Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланчид 40 хүртэлх жил тухайн тариалангийн талбайгаа эзэмшиж болох юм. Гэхдээ банкнаас зээл авахаар хандахдаа зөвхөн эзэмших талбайныхаа гэрчилгээг барьцаанд тавих эрхтэй. Учир нь, дараа дараагийн УИХ-аар дээрх хуульд өөрчлөлт оруулаад тариан талбайн эзэмших заалтыг хүчингүй болговол арилжааны банкуудад хохиролтой. Иймээс банк өөрсдийнхөө ирээдүйд гарах эрсдэлийг тооцож, тариаланчдын газрыг барьцаанд авах боломжгүй гэдгийг салбарын яамнаас нь тайлбарлалаа. Дархан-Уул аймагт өчигдөр болсон “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-д оролцсон тариаланчдын дийлэнх нь тариалангийн газраа барьцаанд тавьж, зээл аван техник, технологио шинэчилж, талбайн хөрсөө арчилж тордох хүсэлтэй байлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна