Македоны жагсагчид ерөнхийлөгчийн байранд халджээ

2016 оны 4 сарын 14

 

Балканы хойгийн Македоны ерөнхийлөгч Өршөөлийн хуульд улстөрчдийг хамруулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Олон мянган хүн нийслэл Скопье хотноо жагсаал хийж, ерөнхийлөгч Георге Ивановыг огцрохыг шаардаж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын үеэр бүлэг хүн ерөнхийлөгчийн албаны байр руу халдаж, цонх хаалгыг нь эвдэж, доторх тавилгыг нь галдан шатааж үймээн дэгдээсэн аж. Үймээн самууны үеэр 12 хүнийг баривчилсан бөгөөд сэтгүүлч гэмтэж бэртжээ.

 

Македоны жагсагчид экс ерөнхий сайд Никола Груевский Өршөөлийн хуульд хамрагдаж байгааг эсэргүүцжээ. Түүнчлэн Өршөөлийн хуульд хамрагдсан сөрөг хүчний лидер Зоран Заев ерөнхийлөгчийн зарлигийг хууль бус хэмээн эсэргүүцсэн байна. Тэрбээр экс ерөнхий сайд Никола Груевский улстөрч, сэтгүүлч зэрэг 20 мянга орчим хүний утасны яриаг нууцаар чагнасан хэрэгт буруутгажээ. Харин Засгийн газраас сөрөг хүчний лидер Зоран Заевыг улс орны тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна