Зээлийн хүүг бууруулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулахыг хүслээ

Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 16.6 хувийг эзлэх болсон талаар өнгөрсөн сарын нийгэм эдийн засгийн тайланд дурджээ. Энэ нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1.9 их наяд хүрсэн гэсэн үг юм.

Тэгвэл ийм нөхцөлд арилжааны банкнууд зээлийн хүүгээ бууруулах замаар иргэдийн амьдралд туслах хэрэгтэй гэх уриалгыг хэсэг иргэдийн зүгээс гаргаж, өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Иргэн  Л.Оюунчимэг, Ц.Солонго нар 15-аас дээш хувьтай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг банкуудад тавих гэж байгаа аж. Ганц, хоёрхон иргэн банканд ийм хүсэлт гаргаад үр дүнд хүрэхгүй тул иргэдийг энэ уриалгад нэгдэхийг хүслээ.

Нэгдэх хүсэлтэй иргэд 99666449, 99676996, 91917400, 95050761 дугааруудад “Зээлийн хүүг бууруулаач”, “дэмжиж байна” гэх мессежийг илгээхийг уриалж нэгдэх юм байна. Ингээд иргэдийн мессеж, гарын үсгийг цуглуулж банкнуудад зээлийн хүүгээ бууруулах хүсэлт тавих гэж байгаа аж.

Иргэн Ц.Солонго “Тэтгэвэр авагчдын 60 хувь нь зээлтэй, нийт иргэдийн талаас илүү хувь нь зээлтэй байгаа энэ үед банкнууд зээлийн хүүгээ бууруулж иргэдэд тус болохыг хүсч байна” гэлээ.

Эдийн засагчид ингэж дүгнэв

Тэгвэл “Банкнууд зээлийн хүүгээ бууруулах боломж, одоогийн бодит нөхцөлд бий юу?” гэх асуултыг эдийн засагчдад тавилаа. Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы зүгээс “Засгийн газар өөрөө 11 хувийн хүүтэй зээлийг гадны орноос гуйж байна. Чингис бондыг л гэхэд 4.75-аар гаргаж байсан. Үүнээс хойш хүүгийн хэмжээ даруй 2.5 дахин өссөн. Ийм нөхцөлд банкны зээлийн хүү буурах ямар ч боломж харагдахгүй байна” гэж дурдлаа.

Харин эдийн засагч Х.Батсуурийн зүгээс “Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд банкнууд зээлийн хүүгээ огцом бууруулах боломж харагдахгүй байна. Гэхдээ инфляци болон зээлийн хэмжээ буурсантай холбоотойгоор банкны зээлийн хүүг бага зэрэг бууруулж болох байх. Гэхдээ иргэдийн хүсч байгаа шиг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд буулгах боломжгүй. Банкны зээлийн жигнэсэн дундаж үзүүлэлт 21 хувь гэдэг.  Гэхдээ энэ тоог хуучирсан гэж үзэж байна.  Энэ үзүүлэлт одоо 24-25 болсон гэж бодъё. Үүнийг олон улсад өрсөлдөхүйц түвшинд хүргэнэ гэвэл 3-10 хувиар буулгах шаардлагатай болно. Ийм боломж байхгүй. Одоо манайд 24, 25 хувийн хүүтэй зээл олгогдож байна. Ийм өндөр байгаа нь манай улсын банк санхүүгийн тогтолцоонд гажуудлын систем үүссэнийг харуулж байна. Нэг ёсондоо мөлжлөгийн систем үйлчилж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд банк санхүүг тогтолцоогоор нь өөрчлөх шаардлагатай” гэлээ.  

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж