70 насандаа бизнесээ эхэлжээ

2016 оны 4 сарын 14

Хятадын Анхуй мужийн Ниюжиачонг хотод бэрийн хамт амьдардаг Чэнг Шилиан эмгэн 70 насандаа бизнес эхэлсэн нь амжилттай явж байна. Хоёр жилийн өмнө түүний ганц хүү нас барж, ээж, эхнэрээ 200 мянган юань буюу 30 мянга гаруй ам.долларын банкны өртэй үлдээжээ. Хүүгээ оршуулаад удаагүй байтал бэр нь хөхний хавдартай хэмээн оношлогдож хөөрхий эмгэнийг гарах гарцгүй болгосон байна.

Хүүгийн үлдээсэн банкны өрийг төлөх үүрэг эмгэнд ногдсоныг ойлгож бизнес эрхлэхээр шийджээ. Ийнхүү тэрбээр 70 насандаа цайны ургамал тарьж эхэлжээ.

Эхэндээ санаснаар болсонгүй. Өмнө нь цайны ургамал тарьж байгаагүй учраас туршлага байсангүй. Тарьсан ургамал нь ургахгүй үхэж байв. Гэсэн ч тэрбээр бууж өгсөнгүй, дахин дахин оролдсоор байлаа. Уйгагүй хөдөлмөрийн эцэст тарьсан 30 мянга цайны ургамал нь бүгд ургаж, түүнийгээ ч борлуулж чаджээ.

Урам орсон эмгэн энэ жил талбайгаа өргөтгөн дөрвөн му буюу 0.27 гектар болгон тэлэх бодолтой байгаа аж. Хорт хавдартай бэр нь эмчилгээгээ хийлгэхийн зэрэгцээ хадам ээждээ тусалж өрөө дарахад нэмэр болж байгаа тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлжээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна