&#34Унаганууд&#34 Хүрхрээ лигт бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

&#34Унаганууд&#34 Хүрхрээ лигт бэлэн үү?

Заалны тэмцээнд босоо түрүүлсэн "Унаганууд" Хүрхрээ лигт бэлэн үү ?

Футзалын "ПЭПСИ ЛИГ"-ийн тэмцээнд уран гоёмсог тоглолтыг үзүүлж өрсөлдөгч баг бүрээ илүүрхэн ялж аварга болсон "Улаанбаатарын Унаганууд"-ын дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир багштай цөөн хором ярилцлаа. Өнгөрсөн жил "Хүрхрээ" үндэсний дээд лигт "Унаганууд" медалийн тавцанд зогсоогүй ч бусад багуудын хувьд хана хэрэм мэт хүчтэй баг байсан билээ.

-Монголын хөлбөмбөгт шинэ өнгө төрхийг авчирсан гадаа талбайн хамгийн шилдэг лиг болох Хүрхрээ лиг эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. "Улаанбаатарын Унаганууд" клүб гадаа талбайн бэлтгэлээ хэрхэн хангаж лигтээ бэлдэж байна ?

-Манай баг тусгайлан гадаа том талбайн бэлтгэл гэж одоохондоо хийгээгүй байна. Нэг гадаад арга хэмжээ байгаа,  тэндээс ирэхэд бараг лиг эхлэх юм шиг байна.

-“Улаанбаатарын Унаганууд” клүб футзалын “Пэпси” лигт 12 багаас торойсон амжилтыг гаргаж нэг ч ялагдал болон тэнцээг бусад багуудад харуулсангүй. Мэдээж маш олон жилийн хөдөлмөрийн үр дүн бий. Нөгөөтэйгүүр лиг эхлэхэд багийн бүрэлдэхүүн гайхалтай байлаа.

-Энэ жил манай баг “Пэпси” лигийн тоглолтуудад амжилттай тоглолоо. Өрсөлдөгчдөө дутуу үнэлэх юм бол хожигдоно. Бид эсрэг багуудаа бодитой үнэлж чадсан юм болов уу. Бүх багуудын тоглогчид, тоглолтын арга барилыг тухайн тоглолтын өмнө ерөнхийд нь судалсан. Тэгээд тоглох  арга, тактикаа боловсруулсан.

-Дасгалжуулагч хүний хувьд олон шилдэг тамирчдыг хэзээ хаана хэнтэй яаж гаргах уу ? тамирчдын сэтгэл хөөрлийг барих гээд олон бэрхшээл гардаг. Харин энэ бүх зүйл  танаас шигшээ багийг дасгалжуулж байхад алга болсон гэж боддог. Гуравдугаар тойргоос хойш О.Баяржаргал, Түмэнжаргал, Цэдэнбал, зэрэг гол тамирчид тоглолгүй багаа орхисон. Тэр үед багаа яаж хуучин чигээр нь амжилт гаргах талаар та хэрхэн бодов ?

-Н.Цэдэнбал сурахаар явсан. Нөгөө хэд нь Хятадын нэг багтай гэрээ хийсэн.  Шилдгүүд нь явчихлаа гэсэн яриа гадуур их яригдсан, миний бодлоор шилдгүүд нь үлдсэн. Багийн гол цөмийг бүрдүүлж байдаг тоглогчид байж л байсан. Өөрөөр хэлбэл бүх хар ажлыг нь хийдэг тоглогчид нь багтаа байж байсан гэсэн үг.

-Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал нар “Унаганууд” клүбтэй байгуулсан гэрээ дууссан байсан уу ? Эсвэл та шавь нарынхаа ирээдүйг харж хүсэл сонирхолыг нь бодолцож үзэв үү ?

-Дуусаагүй л дээ. Ц.Түмэнжаргал зун ирж тоглоно гэж тохиролцоод явсан. Х.Цэнд-Аюушийн хувьд их харамсаж байгаа. Олон сая төгрөгөөр хийлгэсэн операцийн үр дүнг гаргасангүй. Тэвчээртэй байж хөлөө эдгээх байсан. Тэгээд эрүүл хөлтэй дуртай газраа тоглож болох. Би тэр хэмжээний мөнгө өгч чадахгүй тийм болохоор өөр арга байгаагүй.

-П.Алтантулга, Э.Ганзориг, Б.Мөнгөнтулга гээд тамирчид эд үе дээрээ байна. Дээрээс нь Э. Пүрэвдорж гээд авьяаслаг залуу гарж ирж байна.  Энэ бүрэлдэхүүн “Хүрхрээ” лигт тэргүүн байрын төлөө өрсөлдөхөд хангалттай гэж бодож байна уу ? эсвэл легионер тамирчин авах уу ? дотоодын багуудаас тамирчин элсүүлэх бодол байна уу?

-Түрүүн хэлсэн. Гол тоглогчид байгаа. Гаднаас нэг хүн авсан. АНУ-н иргэн Ричард Скотт гээд энд ажилладаг хүн байгаа. Манай багт тогльё гэсэн маш олон хүсэлт ирсээр байгаа. Бидэнд тэр хүмүүсийг байрлуулах, хооллох, цалинжуулах мөнгө алга байна.  “Хүрхрээ” лигт хэрхэн тоглох зорилтоо тодорхойлж байгаад хүн нэмэх, нэмэхгүйгээ шийднэ. Легионерууд тоглочихоод, мөнгөө авчихаад лиг дуусахад яваад өгнө. Үлдэж  байгаа баг маань сэлгээний суудалд сууж байсан хэдэн тоглочидтойгоо хоцорно. Тийм учраас идэрчүүдээсээ дээш авч тоглох бодолтой байгаа. Хүүхдүүд ах нартайгаа хамт тоглож, шилдгүүдтэй хүчээ үзэж бяраа таних хэрэгтэй. Ирээдүйд тэд л  бидэнд хэрэг болно. Өөрийн багт болон шигшээ багт тоглох хүүхдүүдээ одооноос бэлдэх хэрэгтэй.

-“Унаганууд” клүб өнгөрсөн жил хоёр гайхалтай мартаж болошгүй тоглолтыг хийжээ. Эхний тойргийн төгсгөлд “Эрчим” клүбийг ялсан, мөн 8-р сарын 30нд дерби клүб болох “Улаанбаатар ФС”-г ялсан. Харамсалтай нь өрсөлдөөнөөс эрт хасагдсан. Үлдсэн тоглолтууддаа хэр ач холбогдол өгсөн бэ ? Ц.Түмэнжаргал лигийн мэргэн бууч болох боломжтой байсан шүү дээ ?

-Тэр тоглолтууд ер нь гайгүй тоглосон. Бүх тоглолтуудад л ач холбогдол өгч байсан.  “Хоромхон”-ы гадаадад тоглох тоглолтоос болоод тоглолтын хуваарийг баганаар нь өөрчилсөн.  Тэнд бид “Эрчим”-тэй хийсэн тоглолтод хожигдсон. Уг нь хамгийн сүүлийн тоглолт байсан. Хүрхрээ лигийн сүүлийн өдрийн тоглолтууд их өрсөлдөөнтэй болох байсан л даа. Зарим авах ёстой оноогоо авч чадаагүй. Бүгд тоглож байж гоол орно. Ганцаараа мэргэн бууч болохгүй.

-“Улаанбаатарын Унаганууд” клүбийн хөгжөөн дэмжигчид заалны тэмцээнд багаа их сайн дэмжиж байгаа харагддаг. Гадаа талбайн тэмцээнд сургуулийн оюутнуудыг, эсвэл нас насны акедемийн тамирчдыг авчирч нэгдсэн журмаар дэмжвэл илүү хүч нэмэгдүүлэх болов уу  гэж хардаг ?

-Зун амраад явчихсан оюутнууд хүүхдүүдийг хүчээр авчирч болохгүй байх. Хичээл эхэлсэн хойно бол болох байх. Ер нь баг дэмжинэ гэдэг бол тэр хүний өөрийн дур сонирхол. Хүний сонирхлыг хүчээр зохицуулж болохгүй шүү дээ. Уран гоё шудрага тоглолт үзүүлээд байвал аяндаа хөгжөөн дэмжигчидтэй болно. Олон хөгжөөн дэмжигчидтэй баг мэдээж сайхан.

-Энэ жил нийт 10 баг “Хүрхрээ” дээд лигт оролцоно. Та улирлын төгсгөлийг дасгалжуулагч хүний хувьд хэрхэн харж байна ?    

-Энэ жил багууд нилээн л бужигнаж байх шиг байна. Шинээр дээд лигт орсон “УБ сити” баг  тамирчдын хорхойг хөдөлгөсөн санал нилээн тавьж байна гэсэн. Гаднаас ч гэсэн олон тамирчин авч байгаа сурагтай байсан. Мөнгө хаясан баг сайн бүрэлдэхүүнтэй болж таарна. Тэр утгаараа сайн тоглох байлгүй.  Хуучин лигийн багуудаас “Хангарьд”, “Эрчим” хоёр нилээн сайн тоглох байх.  Өөрсдөө талбайтай багууд амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Дээр нь спонсор сайтай. “Дэрэн” бүрэлдэхүүнээ нилээн сайжруулсан гэсэн сураг байсан. Бусад багуудын талаар тодорхой мэдсэн юм алга. Энэ жилийн “Хүрхрээ” лиг маань нилээн онооны төлөө хүч тавьж тоглосон тоглолтуудтай, үзүүштэй болох байх.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж