ОХУ-ын Зүүн Азид явуулж буй бодлогыг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Зүүн Азид явуулж буй бодлогыг тайлбарлав

Гэрэл зургийг www.mpa.mn

Монгол улсад нэг өдрийн айлчлал хийж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр ГХЯ-нд лекц уншлаа. Сайдын лекцийг сонсохоор Монголын үе үеийн Гадаад хэргийн сайдууд, дипломатчид, эрдэмтэн судлаачид, ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгчид ирсэн байлаа.

Лекцийн дараа Монголын талаас сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. Олон улсын харилцааны доктор Ж.Баясах "Хоёр хөрш орон байж нэг нэгнийхээ тухай мэдээллийг өөр эх сурвалжаас авч унших  нь зохимжгүй юм, тиймээс хоёр улсын олон улс судлаачдын харилцаа, хэлхээ холбоог нэмэгдүүлэх, хамтран сургалт явуулж байх" санал тавьсаныг С.Лавров талархалтайгаар хүлээн авч “зөв зүйтэй санал” гэлээ.

Сүүлийн жилүүдэд хөрш гурван орон буюу БНХАУ-Монгол-ОХУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын шинэ механизм бий болоод байгаа. Энэхүү уулзалтын үр дүн, мөн гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулах санаачилгын талаар оролцогчид сонирхон асуулаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсын төрийн тэргүүнийг уулзалтын механизмыг сайшаан дэмжиж байдгаа С.Лавров илэрхийллээ.

Мөн ОХУ-ын өнөөгийн байдал, тус улсад тавьсан Барууны орнуудын хоригийн талаарх асуултад ноён Лавров "ямар ч хориг эерэг үр дүн авчирдаггүй, хоригийн улмаас зөвхөн хоригт орсон улс биш тавьсан тал нь бас адилхан хохирол амсч байдаг" хэмээн хэллээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж