УБ-Ховдын нислэгийн бэлтгэл бүрэн хангагджээ

2016 оны 4 сарын 14

Сэтгүүлч:
Улаанбаатар

Зам, тээврийн яам болон ИНЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн нислэгийг сэргээн тогтмолжуулах ажлын хүрээнд Улаанбаатар-Ховдын чиглэлд том оврын агаарын хөлгөөр үйлдэх нислэгийн техникийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Улаанбаатараас Ховдын чиглэлд “МИАТ” компани Бойнг-737 агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэж, Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоцоор хүргэх шинэ нислэг энэ сарын 16-наас нисч эхлэх юм.

Улаанбаатараас Ховд хүртэл тийзний үнэ дунджаар 175000 төгрөг байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эхний нислэгийн билет борлуулалт 50 гаруй хувьтай байгаа аж. “Орон нутгийн нислэг нь олон улсын нислэгтэй адилгүй. Цаг нь тулж байж захиалга дүүрдэг. Тиймээс нислэг хийх өдөр суудал дүүргэлт сайн байх болов уу гэсэн хүлээлттэй байна” хэмээн “МИАТ” компанийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Д.Оюундэлгэр ярилаа.

Тус компани орон нутгийн нисэх буудлын билет бичигч нарыг сургалтанд хамруулж, орон нутгийн нисэх буудал хоорондын газрын үйлчилгээ, зорчигч бүртгэлийг хэрхэн явуулах бэлтгэл ажлыг хангаж дуусчээ.

“Аэромонголиа” компанийн өмнө нь Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Улаангом чиглэлд дагнан нисдэг байсан нислэгийн тарифыг энэхүү хамтарсан нислэгийн тарифтай харьцуулахад бүх чиглэлдээ 40 хүртэл хувиар хямдарч байгаа аж. Мөн энэхүү хамтарсан нислэгийн бас нэг давуу тал нь өмнө нь Фокер-50 агаарын хөлгөөр нэг зорчигчийн гар тээшийг 15 хүртэл кг-аар хязгаарладаг байсан бол одоо том оврын агаарын хөлгөөр 35 кг хүртэл ачааг үнэгүй тээвэрлэх боломжтой болж байгаа гэдгийг Аэромонголиа компанийн Коммер эрхэлсэн захирал Н.Мөнхжаргал ярилаа.

Ийнхүү алс хязгаар нутагт, ялангуяа баруун аймгуудад амьдран суугаа иргэд улсынхаа нийслэлд ирж буцахдаа 162 хүний суудалтай орчин үеийн агаарын хөлгөөр тав тухтай, түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна