“Хааны эрэлд” сургуульд 38 орны 900 орчим цэргийн алба хаагч оролцох мэдүүлгээ өгөөд байна

2016 оны 4 сарын 14

 

“Хааны эрэлд-2016” олон улсын хамтарсан сургуулийн бэлтгэл ажлын талаар ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, хошууч З.Алтанзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-“Хааны эрэлд-2016” олон улсын хамтарсан сургуулийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ? 

 

-“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөртэй хамтран бэлтгэл, анхан, дунд, төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлыг тус тус зохион байгуулсан.

 

Уг сургалт, дадлагыг ирэх сарын 22-ноос 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бүх талын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар зохион байгуулах төлөвлөгөөг гарган уг сургалт, дадлагад оролцох анги, байгууллага, газар, хэлтсийн бүтцийн нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулж, хэрэгжилтийг ханган хамтран ажиллаж байгаа.

 

-Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлагад хэдэн орон цэргүүдээ илгээхээр мэдүүлгээ өгсөн бэ? 

 

-Энэхүү олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний 900 гаруй цэргийн алба хаагч оролцох бол гадаадын 38 улс орны 860 гаруй цэргийн алба хаагч оролцохоор албан ёсны хариу ирүүлсэн.

 

-Сургалт, дадлагын хүрээнд ямар арга хэмжээнүүд хэрэгжих тухайд тодруулахгүй юу?

 

-Сургалт, дадлагын хүрээнд цөөнгүй арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, штабын сургалт, дадлагыг Улаанбаатар хотод Номхон далай дахь АНУ-ын Цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөрийн хүрээнд, команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна. Харин эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 7 дугаар дундсургуульд, мал эмнэлгийн хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 013, 232 дугаар ангийн байрлалд зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн сурагчдын 30  хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Соёмбо” сонин