Өрхийн эмнэлгээ сонгож үйлчлүүлдэг хуультай болно

2016 оны 4 сарын 14

УИХ-ын Пүрэв гаригийн /2016.04.14/ нэгдсэн чуулганаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй заалтаар цаг сунгаж хуралдав.    

Хэлэлцүүлгийн явцад сайдгүй салбар дампуурах шахаж байгааг шүүмжилсэн. Харин сайдгүй салбарын ажилчид маш сайн ажиллаж байгааг тодотгосон юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Эмнэлгийн эндэгдлийн асуудалд дорвитой арга хэмжээ авч өгөөч. Соёлтой газар 1000 хүнд нэг өрхийн эмнэлэг оногдож байна. Харин манайд гурав дахин их хүнд нэг өрхийн эмнэлэг ногдож байна. Эмнэлгийн салбарт мөрдөхөөр гаргаж байгаа стандартаа амьдралд нийцсэн хэлбэрээр гаргаж өгөөч.

УИХ-ын гишүүн Д.Сарагнэрэл: Багахангай дүүрэгт бол 4000 хүн тутамд өрхийн эмнэлэг байхгүй байна шүү дээ? Улаанбурхан өвчний дэгдэлтийн үеэр ХӨСҮТ-ийн эмч нар ачаалалтай ажиллаж байгаа учир эмнэлгийн ажилчдын нэмэгдэл хөлсийг шийдсэн гэж байна. Гэтэл хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нар ч илүү цагаар ажиллаж байна.

ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа: Өрхийн эрүүл мэндийн асуудал энэ хуулиар шийдэгдэнэ. Нэг өрхийн эмнэлэгт 1200 хүн ноогдох ерөнхий стандартад  баригдах нь хэцүү. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсанаар эмнэлгийн стандартууд зохицуулагдана.

Ажлын хэсгийн мэргэжилтэн: Өрхийн эмнэлгийн зохион байгуулалт, санхүүжилтийг тусгайчлан зүйл заалтаар оруулсан. Үүнд иргэн хүн өрхийн эмнэлэг эмчээ сонгож үйлчлүүлэх, нэг өрхийн эмнэлэгт ноогдох хүний тоог тогтоох, санхүүжилт нь таван шугамаар орж ирэхээр зохицуулж өгсөн.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Энэ асуултыг Ламбаагаас асуухад бичгээр хариу өгнө гэж байсан. Одоо надад маш тодорхой хариулаад өгөөч. Суманд байгаа эмч нарын тоо, галч нарын тоо багасчихсан. Санхүүжилтийг стандартаар бууруулаад байгаа юм чинь орон тоо буурахаас өөр яах юм бэ? Гэтэл хэвтэж эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурахгүй байна шүү дээ.

Ажлын хэсгийн мэргэжилтэн: 287 суманд галч нарын тоо буураагүй. 755 байсныг 876 болгосон. Үүний гадна эмч сувилагчийн тоог ч мөн 209-өөр нэмэгдүүлсэн. Бид сум тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг ил тод болгох үүднээс 243 сумын эмнэлгийн санхүүжилтийн үйл ажиллагааг нэмэгдүүлсэн.

Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй заалтуудыг хэлэлцээд, УИХ-ын нэгдсэн чуулган өндөрлөв. Өнөөдөр хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна