Хүүхдийн эрх & өрөвдүүлэх тактик

2016 оны 4 сарын 15

Одоогоос таван жилийн өмнө www.news.mn сайт “Түрээсийн хүүхдүүд” нэртэй сурвалжилгыг бэлтгэн уншигчдадаа хүргэж байв. Гуйлга гуйж суух иргэд  өрөвдүүлэх аргаа нарийсган бага насны хүүхэд түрээсэлдэг тухай бэлтгэснийг уншигч та уншсан биз ээ. Ингэхдээ 0-3 настай хүүхдийг 2500-5000 төгрөгөөр түрээслэн, гуйлга гуйж суудаг тухай сурвалжилгад гардаг. /Сурвалжлагыг ЭНД-ээс үзнэ үү/

Чухамдаа хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж буй энэ үйлдлийг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хориглосон байдаг. Гэвч хэрэгжилт хангалтгүйгээс хүүхдүүд хорвоод дөнгөж мэндлээд л өөрөө ч мэдэлгүй “гуйлгачин” болон хүчирхийлүүлж буй дүр зураг нийтлэг. Тэгвэл таван жилийн дараах дүр зураг хэрхэн өөрчлөгдөв гэдгийг сурвалжлахаар Улаанбаатар хотын гудамжийг тольдлоо. Ялангуяа хүний хөл ихтэй хотын гудамжаар алхвал хэдэн жилийн өмнөх шиг нялх хүүхдээ тэврээд, гуйлга гууж суух иргэд ховорджээ. Багшийн дээдийн урд “баяан” хөгжим тоглох өвөө, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд хэвтэх, суухын хооронд гуйлга гуйж буй эмэгтэй, жин үзэхээр сууж буй өвөө, Тэнгис кинотеатрын автобусны урд дуу дуулан суух өвгөн гээд тоотойхон дүр зураг харагдана.

Нэг үеэ бодвол хүүхэд түрээслэн байж гуйлга гуйх явдал багассан хэмээн Хүүхдийн төлөө үндэсний төвөөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар хүүхдээрээ түрий барин гуйлга гуйх иргэд гарын 10 хуруунд багтахаар л бий хэмээн Хүүхдийн төлөө үндэсний төвийн Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Энхтайван хэлж байлаа.

“Түрээсийн хүүхэд” гэх нэршилтэй болтлоо цэцэглэсэн, мөнгө олох энэ арга сүүлдээ явуургүй болсон доо ч тэр үү, тэгсхийгээд намжжээ. Тав алхаад л нэг хүүхдээ тэвэрсэн, гуйлга гуйсан хүмүүст орлого ч орохоо байгаа биз...  Эргүүлийн цагдаагийнхан ч уйгагүй ажиллаж буйгаа учирлав. Хэдий энэ үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоох үүрэгтэй ч, хүүхдийг нь авах эрх байдаггүйг учирлаж байлаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдэлд хүлээлгэх хариуцлага, эрхзүйн орчин өнөөг хүртэл хангалтгүй байжээ. Тиймээс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёрдугаар сард баталсан байна. Ингэснээр хүүхдийг орлого олох аргадаа ашигласан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд тусгаж өгчээ. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн тавдугаарт “Хүүхдээр гуйлга гуйлгасан иргэн, эрүүл мэндэд нь харшлах ажил хөдөлмөр хийлгэсэн албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох;” гэж заажээ. Энэ хуулийг ирэх есдүгээр сараас хэрэгжүүлнэ. Ингэснээр хүүхдийн эрхийг зөрчсөн нэг ч гэсэн асуудал нааштай болно хэмээн хүлээж буйгаа мэргэжилтнүүд хэллээ.

Ингээд бид хүүхдээ тэврэн гуйлга гуйж буй иргэдийн эрэлд цааш гарлаа. 3, 4 дүгээр хорооллын худалдаачдаас энэ тухай асуувал 1-2 насны хүүхэд дагуулсан эрэгтэй өдөр бүр энэ хавиар явдаг гэх сураг гарав. “Өглөөхөн энүүгээр явж байсан. Энэ хавиар л байгаа байх” хэмээн худалдаачин залуу өгүүллээ. Үнэхээр “Москва” их дэлгүүрийн урд бага насны хүүхэд хажуудаа суулган, гуйлга гууж суугаа эрэгтэйг чиглэн очив.  Энэ хүүг н.Нямболд гэдэг. 16 настай н.Нямболд хүү, дүүгийнхээ хамтаар долоо хоногийн 2-3 өдөр энд сууж гуйлга гуйдаг гэв. Гэхдээ н.Нямболд хүүгийн хувьд бидний барьж буй өнцгөөс арай өөр. Дүүгийнхээ хамт суух нь  “өрөвдүүлэх” тактик биш. Эхээс гурвуулаа. Аав нь шоронд орж, ах нь тусдаа гарчээ. Ингээд элэгний өвчнөөс болж хэвтэрт орсон ээж, дауны өвчтэй дүүгээ тэжээхийн тулд ийнхүү гуйлга гуйж, завсраар нь аар саархан ажил хийдэг гэв. Тэрбээр есдүгээр ангиасаа сургуулиас гарч, гэр бүлээ тэжээх аянд мордсон. Гэхдээ өөрөө хүүхдээрээ. Насанд хүрээгүй учир ажил хайгаад ч олддоггүй гэв. Нэг хэсэг Долоон буудалд нүүрс зөөсөн ч урин дулаан ороод эргээд ажилгүй болжээ.

н.Нямболдын дүү өдгөө хоёр настай. Өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл ахынхаа дэргэдээс холдохгүй. “Өвлийн хүйтэнд нялх дүүгээ өдөржин гадаа суулгахаар өрөвдөөд байдаг. Гэртээ орхие гэхээр ээж маань хөдөлж ч чаддаггүй болохоор дүүг асарч чадахгүй. Өөр харах хүнгүй болохоор яалтай билээ” хэмээн н.Нямболд ярьж байлаа. Өдрийн хоолны мөнгөө арай гэж олж, хажуугаар нь ээжийнхээ эмийг залгуулах гээд хэрэгцээ их учраас дүүгийнхээ дауны өвчнийг эмчлүүлэх тал дээр ер анхаарч чаддаггүй хэмээн н.Нямболд хүү санаа алдаж байсан юм.

Хорвоод төрсөн цагаасаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх нь хөндөгдөж буй, гэсэн ч түүнийгээ өөрөө ч мэдэхгүй яваа хоёрхон настай энэ хүү шиг нөхцөл ганцхан энэ гэр бүлд тохиолдоогүй. Ийм нөхцөлд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?

Уг нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн хоёрдугаарт:

2. Бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас  сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж үзнэ. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүнд нөхцөлд байгаа хүүхдэд дараахь халамж, хөнгөлөлт, тусламж үзүүлнэ:

1/ боловсрол, мэргэжил эзэмшихэд туслалцаа үзүүлэх;

2/ эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, сувилах,тахир дутуу хүүхдэд хиймэл эрхтэн болон бусад хэрэгслийг үнэ төлбөргүй олгох;

3/ хүнд нөхцөлд байгаа хүүхдийг үрчилсэн гэр бүлд төрөөс тэтгэмж олгох.

4/хүүхдийг асран хамгаалах байгууллагад шилжүүлж, халамжийн  үйлчилгээнд  хамруулах;... гэж заажээ.

Нийслэлийн гудамжид нэг үеэ бодвол хүүхдээр санаатайгаар өрөвдүүлэх тактик хийгчид багасжээ. Гэхдээ үүний хажуугаар н.Нямболдын гэр бүл шиг өвчин, гачигдалд орсон, үр хүүхдээ хамгаалж, хайрлая гэсэн ч боломжгүй, нөхцөлд хэчнээн хүүхэд аж төрж, амьдарч, ажиллаж байгаа бол...

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

                         Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна