Ц.Даваацэрэн: Урамшууллыг бүгд авсан

2016 оны 4 сарын 15

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрдэнэт үйлдвэр улсын эдийн засгийг тэтгэж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Тиймдээ ч ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг манлайлж байгаа. Зэсээр амьдралаа тэтгэж байгаа манай улсын хувьд зэсийн үнэ хамгаас чухал.  Зэс хямдарсаар байгаа энэ цаг үед танай үйлдвэр хэрхэн ажиллаж байна вэ?

-Намайг  2013 онд Эрдэнэтийн захирлаар томилогдоход зэсийн үнэ дунджаар 7300 ам.доллар байсан. Эрдэнэтэд очихоосоо өмнө Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Уул уурхайн хэлтсийн дарга байсан болохоор зэсийн үнэ ойрын хэдэн жилдээ унана гэсэн мэдээлэлтэй байсан. Тиймээс үүнтэй уялдуулж л үйлдвэрийнхээ менежмент, бодлогоо явуулахаар ажлаа эхэлсэн. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг бид зохицуулж, худалдаа хийх боломжгүй учир үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулах, зардлаа хэмнэх зорилт дэвшүүлсэн. Бидний хамгийн сайн чадах зүйл бага зардлаар аль болох үр ашигтай ажиллах л байсан даа.  Ингээд ажилчид, хамт олон, багтаа хэмнэлтийн бодлогыг уриалсан. Хэмнэлтийн бодлогын үед яаж ажиллах, юуг хэмнэх, өртөг зардлаа яаж бууруулах зэргийг тооцож, “Хямралын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр” боловсруулсан. Зах зээл дээрх зэсийн үнэтэй уялдаатайгаар хэрэв үнэ унавал энэ зардлыг хэмнэнэ, дахиад унавал тэр зардлыг бүр зогсоож болно гэсэн байдлаар хямралын эсрэг авах арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Гурван жилийн турш хэмнэлтийн бодлогыг барьж, хямралын эсрэг арга хэмжээг аваад эхэлчихсэн байсан учраас өнгөрсөн жил зэсийн үнэ огцом унахад “Эрдэнэт үйлдвэр” хэвийн ажиллаж, төлөвлөгөө нормоо биелүүлээд зогсохгүй ашигтай байж чадсан.

-Зэсийн үнэ яг одоо хэд байгаа вэ. Хэзээ хамгийн өндөр үнэтэй байсан билээ?

-Зэсийн үнийн хамгийн оргил үе буюу 2011 онд 9800 ам.доллар хүрч байв Тэр үетэй өнөөдрийг харьцуулахад зэсийн үнэ хоёр дахин буучихлаа. 2012 онд 8300,  2013 онд 7300, 2014 онд 6500, 2015 онд 5200 ам.доллар болсон зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 4715 ам.долларын ханштай байна. Тэгэхээр оргил үеэсээ яг хоёр дахин унасан байгаа биз. Энэ хэмжээгээр манай борлуулалтын орлого 2011 оныхтой харьцуулахад хоёр дахин унасан гэсэн үг. Намайг ажил авснаас хойш дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нийтдээ 2450 ам.доллараар унасан байдаг юм. Гурван жилийн дотор шүү дээ. Борлуулалтын орлого маань 332,7 сая доллараар унасан. Энэ бол их мөнгө. Үүнийгээ дагаад улсын төсөвт төлдөг манай татвар, оруулдаг мөнгө маань ч нэлээд буусан. Гэхдээ хамт олон маань төлөвлөгөө нормоо биелүүлээд ашигтай ажилласан учраас өнөөдрийн байдлаар бид улсын төсөвт тэргүүлэх татвар төлөгч хэвээр байна.

-Танай үйлдвэрийг 131 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан гэж байсан. Чухам яаж ийм хэмжээний хэмнэлт гаргасан бэ?

-Энэ бол өртөг зардлаа бууруулах чиглэлээр авсан арга хэмжээ. Сэлбэг материалыг илүү нөөцлөхгүй, их хэмжээгээр, зах зээлийн ханшнаас өндөр үнээр авахгүй байхыг чухалчилсан.  Анх очиход “шахааны бизнес” гэж нэг ойлголт байсан. Бүгд л Эрдэнэтэд шахаа хийхийг хүсч байх жишээтэй. Нэг гэрээтэй болчих юмсан, гэрээ хийчих юмсан гэдэг мөрөөдөлтэй улсууд их олон байсан үе. Үүний эсрэг бодит байдлаар, зах зээлийн үнээр, чанартай зүйл авах, хэрэглээ, үйлдвэрлэлийн зардлаа оновчтой болгох, илүү зардал гаргахгүй, хэрэггүй болон хэрэгцээнээсээ илүү зүйл авч нөөцлөхгүй байх гэсэн зарчмыг хэмнэлтийн бодлогын хүрээнд явуулсан. Түүнийхээ үр дүнд зардалтай харьцуулахад гурван жилийн хугацаанд бид 131 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна лээ.

-Та сая “шахааны бизнес” гээд мартсан юмыг сануулчихлаа. Эрдэнэтэд таныг ажил авч байх тэр үед л өчнөөн вагон, контейнер хэрэглэгдэхгүй бараанууд байгаа тухай, бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах эм хүртэл шахаагаар авсан  гэж байсан. Тийм юмнууд үнэхээр байсан юм уу?

-Тэр бэлгэвч, жирэмсний эм гэдэг бол хэтрүүлэг. Ер нь хэрэггүй зүйл авдаг гэдгийг нь л ёжилж хэлсэн болохоос юу гэж  жирэмснээс хамгаалах эм, бэлгэвч авч байхав дээ. Манайхаас гэрээ хийгээд их хэмжээний урьдчилгаа авчихдаг, тэгээд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй алга болчихдог компаниуд их олон байсан. Тэднээс өр зээлээ барагдуулахын тулд аргагүйн янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй зүйлс авчихсан тохиолдол ч байсан. Гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй, хариуцлагагүй компаниудыг “Хар данс”-нд оруулж, дахин гэрээ хийхгүй 105 аж ахуйн нэгжийг албан ёсоор хэвлэл мэдээллээр гаргасан.

-2015 онд Эрдэнэт үйлдвэр зөвхөн зэс боловсруулахаас гадна хүдрийн боловсруулалт маш амжилттай хийсэн гэсэн мэдээлэл байна. Энэ нь үйлдвэрийн  өргөтгөл хийсэнтэй холбоотой юу?

-Тийм ээ, хамгийн том өргөтгөлийн ажлыг өнгөрсөн жил ашиглалтанд оруулж, хүлээж авсан. Энэ бол Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил, 140 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийсэн маш том бүтээн байгуулалт. Манай үйлдвэрийн бутлах нунтаглах хэсгийн хүчин чадал зургаан сая тонноор нэмэгдсэн. Үүний хүчинд бид 2015 онд өнгөрсөн 8 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хэмжээний үйлдвэрлэл явууллаа. Олборлох, боловсруулах үзүүлэлтүүдээс гадна 7000 тонн цэвэр зэс төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн. Урьд нь бид 518-520 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргадаг байсан бол өнгөрсөн жил 546 мянган тонн баяжмал экспортонд гаргалаа. Энэ бол үйлдвэрлэлийн хувьд өссөн үзүүлэлт. Нэг талаас бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, экспортонд гаргах бүтээгдэхүүнээ илүү үйлдвэрлэсэн, нөгөө талаас хэмнэлтийн бодлого баримталсан. Энэ хоёрын нийлбэр дүнгээр л бид хямралын үеийг амжилттай давж байна.

-Эрдэнэтийн ордын нөөц хэдий хэмжээний юм байгаа бол.  Зэс хямдарсаар байх юм бол цаашид хэрхэн үр ашигтай ажиллах вэ?

-Нөөцийн хувьд одоо ахиад энэ хүчин чадлаараа ашиглахад 30-40 жилийн нөөц байна. Гэхдээ 30-40 жилийн нөөц байна гээд өнөөдрийн байдлаар явбал энэ бүгдийг авч чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл 38 жил ажиллачихсан үйлдвэр техникийн хувьд нэлээд хуучирсан, технологийн хувьд ч гэсэн бидэнд анхаарах зүйл их.

Нөгөө талаасаа инновацийн бодлого байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр” 1000 гаруй инженертэй. Оюуны чадавх, потенциаль маш сайтай үйлдвэр. Тэгэхээр энэ оюуны өмчийг эргэлтэнд оруулах, урамшууллыг нь сайн өгөх, сэтгэж бодсон юмыг нь зөв үнэлэх, түүнийг нь үйлдвэрлэлдээ нэвтрүүлж үйлдвэрийнхээ ажлыг сайжруулах чиглэлээр сайн сэтгэж боддог өөрийнхөө инженерүүдийг, мэргэжлийн оюуны өмчийг ашиглах ёстой гэж боддог.

-Урамшуулал гэснээс танай үйлдвэрийн ажилтнуудын урамшууллын талаарх мэдээлэл анхаарал татаад байгаа. Үнэхээр 1800-3600 еврогийн урамшуулал авч байгаа юу. Та ажилчиддаа 4-800 саяын байрны хөнгөлөлт үзүүлсэн юм уу?

 -“Эрдэнэт үйлдвэр” бол төрийн байгууллага биш. Төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгж ч биш шүү дээ. Төрийн өмчийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компани. Тийм учраас “Эрдэнэт үйлдвэр” бол компанийн засаглалтай, зах зээлд өрсөлдөх чадвартай, өөрийн бизнесийн үйл ажиллагаанаас ашиг олж улсын төсөвт татвар төлдөг л компани шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийг үр ашигтай ажиллуулахын тулд тодорхой удирдлага, менежментийн арга барил байна. Өнөөгийн нийгэмд, зах зээлийн үед аж ахуйн нэгж,  компаниуд эдийн засгийн хөшүүрэг, урамшуулалгүйгээр оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр сайн мэргэжлийн инженерүүдийг бид тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд хөдөлмөрийн хуулийн дагуу, Зөвлөлийн хурлын шийдвэрээр, дотоод журамдаа зааснаар нэмэгдэл цалин олгож, мэргэжлийн ур чадварыг үнэлдэг.

 Орлогч захирлуудын байрны шийдвэрийг би бий болгосон зүйл биш. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлаас ерөнхий захирал, нэгдүгээр орлогч орос хүнийг, ерөнхий нягтлан орос хүнийг, бусад орлогч захирлуудыг томилдог. Ингэж томилоод ажиллах нөхцөл, урамшууллыг нь гэрээгээр баталгаажуулдаг. Энэ нь надаас бүр өмнө уламжлал болж “Совет”-ынхоо шийдвэрээр баталгаажиж, гэрээ хийхдээ урамшуулал олгох, орон байраар хангах, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хөнгөлөх, унаж байгаа машиныг нь өөрсдөд нь өгөх зэргээр тусгаад мөрдөж ирсэн зүйл.

Миний эрх мэдлийн хүрээнд хэлтсийн даргаас доош түвшинд бүх инженерүүдтэйгээ гэрээ хийн,хэнийг нь урамшуулах, ямар түвшинд үйлдвэрийнхээ бодлогыг хэрэгжүүлэх, ямар хүнтэй нэг баг болж ажиллах вэ гэдгээ л шийддэг. Гэрээний дагуу олгодог урамшууллыг харин ямар өнцгөөс олгох вэ гэдэг дээр би арай өөрөөр хандсан. Хэмнэлтийн бодлого барьж ажиллах, инновацийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа болохоор орлогч нарт хандаж “Үр дүн гаргаж байж л урамшуулал авна шүү, түүнээс биш зүгээр гэрээнийхээ урамшууллыг авъя гээд яваад байж болохгүй. Миний зарласан ганц бооцоо бол хэмнэлт хийх. Хэмнэлтээ хийгээд түүнээс гарсан үр дүнгээс урамшууллаа ав” гэсэн болзол тавьсан.

Өнгөрсөн гурван жил ажлаа бид хоёрдугаар сарын 26-нд дүгнэж, бүх ажилчдынхаа өмнө нээлттэй тайлан хэлэлцүүлсэн. Бид 131 тэрбум төгрөг хэмнж, 127 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн гаргажээ. Өмнөх жилд нь 130 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жил бид 138 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргалаа. Ингээд манай баг, хамт олон нийтдээ 3 жилийн дотор 259 тэрбум төгрөгийн үр ашгийг “Эрдэнэт үйлдвэр”-тээ оруулжээ. Үүний 10 хувийг нь удирдлагууддаа болоод ажилчиддаа урамшуулал болгож олгосон юм шүү дээ. Хууль эрх зүйн хувьд Зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэр, гэрээ контрактийн дагуу, “Совет”-оос олгосон миний эрх мэдлийн хүрээн дотор явагдсан зүйл. Нөгөө талаасаа үйлдвэрээ ашигтай сайн ажиллуулсных нь төлөөх урамшуулал. Ажилчиддаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд цалингаас нь гадна нэмэгдэл цалин болгож,  22,2 тэрбум төгрөг олгосон.

-Урамшууллыг  зөвхөн удирдлагууд, орлогч нар л авсан юм биш үү. Ашгийн 10 хувийн шагналд ажилчид нь хэр хамрагдсан бэ?

-Би сая хэллээ, ажилчиддаа 22,2 тэрбум төгрөгийг олгосон гэж... Энэ бол яг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд гаргаж хэрэгжүүлсэн шийдвэр. Үйлдвэр байгуулагдсаны 35 жилийн ойгоор эхлээд ажилчин болгонд нэг сая төгрөг өгсөн. Дараа нь сар бүр л ажилчдад зарим д нь 300 мянган төгрөг, 500 мянган төгрөг олгож байсан. 2014 оны эцсээр шинэ жилийн өмнө хүн бүрт 500 мянган төгрөг олгосон. Тэр үед зарим хэвлэл мэдээллээр “Хямралын үед, эдийн засаг хүндэрч байхад ажилчиддаа их хэмжээний мөнгө олгодог хэн бэ?” гээд бичиж, шүүмжилж л байсан. Ажилчид маань ч гэсэн хэмнэлтийн бодлогод оролцож байгаа шүү дээ. 22,2 тэрбум төгрөг нийт дүнгээрээ их мэт боловч 6000 ажилчидтай үйлдвэрт нэг хүнд ногдох нь бага.

-Зарим ажиллагсдад  Улаанбаатар хотод байр авч өгсөн байсан. Тэр улсууд ер нь ямар гэрээтэй байсан учраас орон сууцтай болсон юм бэ?

-Тэр нь саяын миний хэлдэг орлогч нар шүү дээ. Советын хурлын хэмжээнд гэрээ байгуулахдаа шийддэг зүйл.

-Та Монголын олон нийтийн өмнө нээлттэй байх шаардлагагүй ч байж болно, гэхдээ компанийнхаа ажилчдын өмнө хэр нээлттэй хүн бэ?

-Би өөрийгөө харьцангуй нээлттэй гэж боддог. Жил бүр хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр “Нээлттэй тайлан” хийж бүх орлогч захирал, хэлтсийн дарга нараар тайлан тавиулж байна. 2014, 2015 оны тайлангийн үеэр тус бүрд нь 70-80 хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид очсон. Энэ жил мөн сэтгүүлчид очиж, манай тайлантай танилцсан. Энэ ярилцлаганд дурдагдаж байгаа тоон үзүүлэлтүүд тэр тайлангийн дүн юм л даа.

-Стандарт банк, Жаст групп”-ийн хэрэг  “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой яригддаг байсан. Яг юу болсон юм бэ, та тайлбар өгөөч?

-Энэ хоёр газартай холбоотой хэрэг нэлээд дуулиантай, олон жил ярьж байгаа асуудал л даа. “Эрдэнэт үйлдвэр”-ийг Жаст групп барьцаанд тавиад “Стандарт банк”-наас 109 сая ам.доллар авсан гэх хэрэг. “Стандарт банк” нь болохоор “Жаст групп”-ээс биш манайхаас энэ мөнгөө нэхээд байдаг. Манайхыг барьцаанд тавьсан гээд. Манайхыг барьцаанд тавьсан тэр бичиг баримтуудыг нь харахаар хууль эрх зүйн чадамжгүй. Яагаад гэвэл манайх Орос Монголын хамтарсан үйлдвэр шүү дээ. Советын хурлын шийдвэр байх ёстой. Бичиг баримтууд нь яг банкны тавьдаг шаардлагын дагуу бүгд байх ёстой. Гэтэл тамга тэмдэг, гарын үсэг нь зөрөөтэй. Хууль эрх зүйн хувьд Монголын төр засгаас албан ёсоор шийдвэр гараагүй, Советын хурлын шийдвэр гараагүй байсан. Ийм учраас бид шүүхэд өгөөд, Лондонгийн шүүх дээр гурван жил гаруй шүүхдэж байна. Өнгөрсөн хцгацаанд багагүй цаг хугацааг энэ хэрэг дээр барлаа. Нэлээн ч нервээ барлаа. Нэлээд мөнгө зарж байна. Лондонгийн шүүхэд албан ёсны өмгөөлөгч гэж зарласан сертификаттай өмгөөлөгч нар л ийм хэргийг өмгөөлдөг юм байна. Тэр өмгөөлөгч нар нь асар өндөр үнэтэй. Тэднийг хөлсөлнө гэдэг их хэцүү. Гурван жил үргэлжилж  байна, энэ хэрэг.

-Хэдийд дуусах юм шиг байна, тэгээд?

-“Стандарт банк” бол ялчих санаатай л яваад байгаа шүү дээ. Манайхаар төлүүлчих санаатай. Ямар ч банк зээл өгчихөөд зээлийнхээ зарцуулалтанд араас нь хяналт тавьдаг биз дээ. Тэгэхэд “Стандарт банк”-ныхан “Жаст групп”-т 109 сая доллар өгчихөөд араас нь хяналт тавиагүй. Тэр 109 сая доллар “Жаст групп”-ийн дансанд ороод хаашаа явсан, тэрүүгээр юу юу хийсэн гэдэг нь өнөөдөр тодорхойгүй. “Стандарт банк”-нд энэ асуудлыг тавихаар зэрэг ““Эрдэнэт үйлдвэр” батлан даасан учраас бид тэр “Жаст групп”-т орсон 109 сая долларыг хянах шаардлагагүй ээ” гэдэг.

-Яг авсан эзэн нь хэн юм бэ, тэр 109 сая долларыг?

-“Жаст групп” л шүү дээ.

-Оюутолгой, Тавантолгой гээд Эрдэнэтээс хэд дахин их нөөцтэй уурхайгаа ашиглаж чадахгүй цаг алдаад байх шиг. Та “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын хувьд биш, энэ салбарт ажиллаж байгаа хүнийхээ хувьд, уул уурхайн мэргэжилтний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Оюутолгойн ордыг бол хурдан л эргэлтэнд оруулах ёстой шүү дээ. Насаараа уул уурхайн салбарт ажиллаж байгаа, жирийн инженер хүний нүдээр харахад манайхан уул уурхайн салбарыг хэт улстөржүүлээд, хэтэрхий самарчихав уу даа гэж харагддаг. Олон хууль тогтоомжууд гарсан. Тэр хэмжээгээр уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хэт их хязгаарласан. Түүний хэрээр манай эдийн засаг нэлээд хохирлоо, алдагдалд орлоо. Тавантолгойн ордын хувьд ч бас харамсалтай. Үнэ цэнэтэй байлгах боломж зөндөө байсан.

Оюутолгойн хувьд хурдан л эргэлтэнд орох юм бол Монголын эдийн засагт үр ашгаа  өгнө шүү дээ. Бүр хурдан орох тусмаа л манай эдийн засаг сайжирна. Эрдэнэтээрээ л жишиг бариад харах хэрэгтэй. Эрдэнэтийн татвар төлж байгаа хэмжээ улсад хэд байна. Өнгөрсөн жил хямралын хүнд үе байсан гэхэд л  бид 381 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт өглөө. “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт нэлээд гол байр эзэлж байна. Орхон, Булган аймгийн төсөв манай “Эрдэнэт үйлдвэр”-ээс л хамаарч байгаа. Ихэнхийг нь төвлөрүүлж байна. Энэ утгаараа Оюутолгой хурдан эргэлтэнд ороосой л гэж бодож байна даа.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна