"Би ганцхан үнэнийг хэлнэ"

2016 оны 4 сарын 15

Төрийн өндөр албан тушаалтан болоод улстөрчдөд хууль үйлчилдэггүй гэдэгтэй бид хэзээний эвлэрчихсэн. Үндсэн хуульд хүн бүр эрх тэгш эрхтэй гэж заасан хэр нь УИХ-ын гишүүн, Цэцээс эхлээд халдашгүй дархан эрхтэй хүмүүс олон. Жирийн иргэд хэрэгт сэжиглэгдвэл шууд л бариад хорьдог бол УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийж байхыг нь үйлдэл дээр нь гардаагүй л бол өөрөөр барих, саатуулах эрхгүй. Ямар маанаг хэргийнхээ газар дээр хийсэн хэргээ нотлоод хууль, хяналтынхныг хүлээж суух вэ дээ.

Тиймээс ч төрийн мөнгө шамшигдуулсан, идсэн уусан гэмт хэргээсээ мултарч, “орогнох” түшиц газраа халдашгүй дархан эрхтэй албан тушаалд очиж, хоргодох байр болгодог жишиг тогтсон. Цэцийн гишүүн хүн “Би дөрөв дэх албан тушаалтан. Жийп унамаар байна” гэж ичихгүй уурлаж, түүнийгээ хэвлэлээр нэг зарладаг нь Монголоос л харж болох үзэгдэл.

Биднээс бусад нь харин огт өөр үзэгдэл хийдэг юмсанж.

Улс орнуудын өндөр албан тушаалтнууд оффшор бүст нуусан хөрөнгөтэй холбоотой “Панамын бичиг баримт” гэх материалаар эл болсон улстөрчид өнөөдөр гол шуугианы эзэд болжээ.

Үүний үр дүнд Исландын Ерөнхий сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо. Сая сая доллараар хэмжигдэх хөрөнгөө нууж, татвараас зугтсан, мөнгө угаасан хэрэгт түүнийг буруутгаж буй. Тэрбээр эхнэр Аннагийн хамтаар 2007 оны арванхоёрдугаар сард “Моссак Фонсека” фирмээс “Винтрис” компанийг авчээ.

Тэгвэл гурван жилийн өмнө өнөөгийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт 2008 онд Их Британийн Виржинийн арлууд дээр “Legend Plus Capital Limited” хэмээх нууц компани байгуулан Швейцарийн банкинд нэг сая ам.доллар байршуулсан, 2.5 сая сая ам. долларын нууц хөрөнгөтэй талаар шуугиан дэгдэж, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм.

Тэрээр үүнийг тайлбарлахдаа, найз нартайгаа нийлж хадгалсан мөнгө гээд түүнийгээ мартсан гэж мэдэгдсэн билээ. Хэдийгээр УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорсон нь өөртөө тавьсан том шийтгэл гэж С.Баярцогт үзэж байгаа ч олон нийтийн зүгээс түүнийг шалгахыг шаардаж, түүний эсрэг сошиал ертөнцөөр хөдөлгөөн хүртэл өрнүүлж буйг бид мэднэ.

Тэгвэл АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн албан тушаалаас саналаараа огцорсон цорын ганц тохиолдол байдаг нь 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсон юм. Түүний WATERGATE SCANDAL хэмээх хэргээр кино хүртэл хийсэн байдаг.

Түүний огцрох болсон шалтгаан нь гэр бүлээс гадуурх ор дэрний асуудал бус олон нийтэд зөвхөн үнэнийг хэлнэ гэж тангарагласан хэр нь худал хэлсэнд байжээ.

Тэгвэл өнөөдөр тийм ёс зүйн код, хариуцлага Монголд алга. Төрийн албан тушаалтад үнэнийг бус өөрт ашигтай мэдээллээ өгдөг, ашиггүйг нь хав дарсан нь илчлэгдсэн ч хариуцлага тооцох ямар ч механизм Монголд алга.

Харин энэхүү хариуцлагыг үүрүүлэх зорилготой нэгэн хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан нь Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл.

Энэхүү хуулийн гол зорилго нь бидний хүсээд буй өндөр албан тушаалтанд улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлох.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцдог болно гэсэн үг. Харин бусад төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх харилцааг Төрийн албаны тухай хуулиар болон холбогдох бусад хуулиар зохицуулахаар болжээ.

Гэхдээ өөрийн хууль бус болон буруутай үйлдэл гаргасан этгээдэд ёс суртахууны хариуцлага тооцсон ч тэр нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй аж.

Гэхдээ зарим тохиолдолд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөх аж. Хэдийгээр бид С.Баярцогтыг хараан, зүхдэг ч үнэндээ тэрээр ёс зүйн хувьд албан тушаалаа огцорч, хариуцлага хүлээсэн бас ч давуу талтай жишиг болон хоцорчээ.

Хамгийн гол нь албан тушаалтны хуудуутай үйлдэл ноцтой тохиолдолд уг этгээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргахыг энэ хууриар хуульчилж, хариуцлага тооцох юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг сонгосон хэр нь ээ буцаан татаж болдоггүй. Тэгвэл Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан бол УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн ердийн олонхын санлаар огцруулж болно. Дээр нь УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор асуудлыг тавьж, Цэцийн дүгнэлт гарсан, шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд огцруулж болох нь.

Тэгвэл “хэмжээгүй” эрхт УИХ-ын гишүүдийг ч огцруулж болно.  Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын саналаар огцруулдаг болно.

Харин УИХ-ын гишүүдийг гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ноцтой зөрчсөн, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон, нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсаныг Ёс зүйн дэд хороо тогтоосон, тухайн жилийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны гуравны нэгээс илүү хувийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол огцруулах үндэслэл болох нь.

Сүүлд дурдсан шалтгаанаар л гэхэд өнөөгийн парламентын цөөнгүй гишүүн “төрхөмдөө” буцна гэсэн үг.

Харин танай тойргоос сонгогдсон гишүүн ажлаа хийхгүй байвал тойргийн нийт сонгогч иргэдийн арван таваас доошгүй хувь өөрсдийн санаачилгаар эгүүлэн татах хүсэлт гаргасан тохиолдолд эгүүлэн татаж болно.

Та бүхний хүсэлтийг хүлээн авмагц Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд сунжруулах боломжгүй гэсэн үг. Шаардлагатай бол 14 хоногоор сунгаад, сарын дотор ажилгүй амлагчийг огцруулж, нөхөн сонгууль хийж болох нь.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ИТХ-ын төлөөлөгч, УИХ-аас томилогддог албан тушаалтнуудад ч дээрхтэй адил заалт үйлчилнэ.

Хамгийн гол нь дээрх албан тушаалтнууд бүгд “Би гагцхүү үнэнийг мэдүүлэхээ тангараглая. Хэрэв худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөнө. Хэрэвзээ худал мэдүүлж, түүнийг нь баталсан тохиолдолд тэр нь албан тушаалаас нь огцруулах шалтгаан болно. Эхэнд дурдсан АНУ-ын ерөнхийлөгчийн адил.  

Ингэхдээ Магадлан шалгах ажиллагаа гэж шинэ зүйл энэ хуулиар бий болох нь. Манайд шинэ ч гадаадын ёс зүй өндөр хөгжсөн орнуудад бол эртний “эд”. 

Ингэхдээ албан тушаалтан буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд магадлан шалгах ажиллагааг явуулахаар хоёроос доошгүй шинжээчийг холбогдох байнгын хороо томилон ажиллуулна.

Шинжээчээр тухайн асуудлаар мэдлэг туршлагатай, ёс зүйтэй, сонирхлын зөрчилгүй, хараат бусаар ажиллах чадвартай иргэнийг томилно.

Хэрэвзээ буруугаа зөвшөөрч ёс суртахууны хариуцлага хүлээсэн тохиолдолд магадлан шалгах ажиллагааг зогсоох буюу явуулахгүй байхаар хуульд тусгажээ.

Харин өөрсөдтэйгөө хариуцлага тооцох энэ хуулийг улстөрч хүлээн авч, хариуцлагын механизмыг бий болгоход лавтайя өнөөгийн парламентын “хоншоор” дутах бололтой. Харин дараагийн улстөрчид хэрхэхийг Балхжав бид хоёр таашгүй. Гэхдээ сонгогч таны нэр дэвшигчдэд, мөрийн хөтөлбөрт нь тавих нэгэн том шалгуур нь энэ хууль байж болно. Хариуцлага хүлээхгүй гэж байгаа бол унагаах эрх нь Л.Нарантөгст бус танд бийг сануулах юун. 

-Хичнээн олон жил аялж байна даа

Орчлонг үгүйсгэж өөлсөөр

Гэрт минь дахиад л ирэв үү

Ганц өдөр намайг тайван байлгаач гэгчээр эргүүлэн татаж чадахгүй бол сонгогч байгаад ч яах билээ. Энэ хуулийг батлахгүй бол улс төрчдөд хэлэхэд "Чи хэрэггүй ээ, чи хэрэггүй". 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна