Томсгосон 26 тойрог эргэн ирэх үү?

2016 оны 4 сарын 15

Сэтгүүлч:
Г.Дарь

Улс төрийн хоёр том нам жижгүүдээ жийхээр “Цэц”-ийг бамбай болгон ашиглаж байгаа яриа саарал ордноор тэнүүчилж эхлэв. Саарал ордны хов живийг батлах мэт Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдээс ирсэн мэдээллийн дагуу энэ сарын 22-нд хуралдаж,  Сонгуулийн хуулийн тодорхой заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шүүхээр болжээ.

Цэцээс “нисгэсэн” мэдээллээр бол Сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1, хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоохоор хуралдана. Товчхондоо энэ гомдол нь намын нэрсийн жагсаалтаар сонгогддог 28-ыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргуулахад оршиж байна гэж хэлж болно.  Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “УИХ-ын гишүүнийг сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан нь Цэцээс гарах дүгнэлтийг улам ч тодорхой болгож буй.

Цэцээр энэ асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Д.Лүндээжанцан гишүүнийг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус томилжээ. Эндээс гарах дүгнэлт нь, УИХ-ын сонгуулийн хуульд пропорциональ тогтолцоо оруулж, жалга довны үзлийг халах санаачилга гаргаж байсан Ардчилсан нам яагаад 35 гишүүнээсээ нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсонгүй вэ гэдэг асуулт ургаж буй. Яагаад гэвэл, УИХ-аас томилогдсон нэг төлөөлөгч нь Монголд жагсаалтын 28 тохирохгүй гэж томсгосон 26 тойргийг эргүүлэн авчрахын төлөө зүтгэж буй Ардын намын гишүүн бол нөгөөх нь улс даяараа нэг тойрог болъё хэмээн нэг туйл руу хөлбөрөх гишүүн болж таарч буй.

Тэгвэл томсгосон 26 тойрог гэж юу вэ?. УИХ-ын 76 гишүүн 26 тойргоос сонгогдоно гэсэн үг.  Энэ тохиолдолд жагсаалтын 28 буюу намын нэрсийн жагсаалтаар сонгогддог пропорциональ тогтолцоо байхгүй болж тойрог дээр тулалдах хувилбар гарч ирж байгаа юм. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүргээс тойргоос хоёр гишүүн гарч ирсэн бол томсгосон 26 тойрог эргэн ирснээр УИХ-ын гурван гишүүн сонгогдоно гэсэн үг. Намын нэрсийн жагсаалт руу шилжсэн байсан мандат тойрогт буцаж ирэх учраас.

Жижиг намуудад энэ хувилбар хамгийн ашиггүй. Намын нэрээр жагсаалтад хүнээ нэр дэвшүүлж, авсан хувиараа парламентад орж ирэх орон зайг нь боомилох учраас зөвхөн жижиг намууд төдийгүй хүчтэй гуравдагч хүчнийг хүсэмжлэх болсон сонгогчдын хувьд ч хүсэх хувилбар биш. Гуравдагч хүчин парламентад орж ирэх үүд хаалга хаагдчихаар АН, МАН-ын дунд тулаан өрнөж, 76 мандатаа хуваах ашигтай байрлалд очих болж байгаа юм.

Саарал ордноос жиргэх бор шувуугаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын захиалагч нь МАН бол балиашиглаж суугаа нь АН гэх. Ийм арга хэмжээ авахгүй бол хоёр нам “жижгүүдэд” жийгдэж, 75-аараа тавиулчих гээд байгаа юмдаг уу даа. Судалгаагаар хоёр намын рейтинг 20 хувиас дээш гарахаа байсан нь Сонгуулийн хуульдаа гар хүрч, өөрчлөхөөс аргагүйд хүргэсэн бололтой. Иймээс л хэдэн жилийн турш тулалдсан тулалдаанаа зогсоож, томсгосон 26 тойрогт хайр зарлаад эхэлж...

Эрх баригч хүчний зарим нэг гишүүн жагсаалтын 28-ыг байхгүй болгох хууль санаачлан бүлгээсээ банга хүртсэн чимээ ч дуулдана. Тэртэй, тэргүй МАН хөгжмөө захиалаад асуудал УИХ дээр орж ирэх чимээ ойртож байхад  пропорциональ 28-ыг устгах төсөл санаачилж, уначихаад байгаа рейтингээ дэвслэх ямар ч хэрэгтэй юм.

Уг нь эрх баригч хүчин анхны зарчмаасаа ухралгүй жагсаалтын 28-аа хамгаалаад тууштай зогссон бол Монгол Улсад л хэрэгтэй. Жалга довоороо талцах үзэгдлийг арилгах, тойргийг аль нэг бүлэглэл мөнгөөр “зодоод” авчихаж болзошгүй эрсдлийг хаах, төсвийн зодооныг арилгах гээд давуу тал олон бий. Хамгийн гол нь сонгогчийн санал гээгдэхгүй болох ач холбогдолтой. Гэвч одоо баяртай гэж хэлэх цаг мөч ойртож байх шиг.

Хэл ам хэрүүл тэмцэл хийн байж баталсан Сонгуулийн шинэ хуульд “Ээлжит сонгууль болохоос 180 хоногийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гэдэг заалтыг оруулаагүйн цаад шалтгаан нь жагсаалтын 28-аа үгүй хийх төлөвлөгөө нь ч байсан юм бил үү хэн мэдлээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга нөөц нам байгуулсан тухай дуулиан хэд хоног явлаа. Гэхдээ хууль тогтоогчид Х.Баттулгаасаа дутахгүй  нөөц аэродормыг хэзээний зэхчихсэн байсан юм биш үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна