В.Путин: Обама замбараагүй хүн

2016 оны 4 сарын 15

-Гурван сая асуулт 75 хариулт-

Владимир Путин

Фото: Reuters

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин шөнө, орой болтол  шууд ярилцлагадаа бэлтгэсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шууд ярилцлагын өмнө  ярьжээ. Иргэдтэй шууд харилцах нь “дэлхийн хамгийн шилдэг олон нийтийн судалгаа” гэж Путин үздэг гэж тэр хэлэв. Дөрөвдүгээр сарын 14-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин иргэдтэйгээ төрийн тэргүүнээр ажилласан бүх хугацаандаа 14 дэх удаагаа шууд ярилцлаа.

 

Шууд ярилцлага Москвагийн цагаар 12:00-д (Улаанбаатарын цагаар, бид цагаа урагшлуулсан учир оройн 18 цагт) эхлээд 3 цаг 40 минут үргэлжилсэн нь өмнөх  жилийнхээсээ 16 минутаар бага байв. Путины хаягаар гурван сая гаруй асуулт ирсний 75-д нь тэрээр хариуллаа.  Шууд ярилцлага Зина авгайн ирүүлсэн ерөнхийлөгчид урт наслахыг хүссэн талархал ирүүлснээр дууслаа. Путин оросуудад Зина эмээ урт наслахыг ерөөж байна гэж дуулгаад хариуд нь эмээд урт наслан удаан жаргахыг ерөөв.

 

Москвагийн цагаар:

 

 15:39.  Путин 2018 оны сонгуулийн тухай

 

“Миний бодлоор, энэ  тухай ярихад эрт. Ийм тохиолдолд би нэг зүйлийг  л ярьдаг. Одоо бидэнд ирээдүйд хэрхэн ажиллахаа бодох хэрэггүй, харин хүмүүсийн итгэлийг хэрхэн даах тухайгаа ярьж,  бид амласан зүйлээ тавьсан зорилгоо бодох хэрэгтэй гээд дахин давтаад хэлье. Ажил хэрэг хэрхэн явахаас хамааран зохих шийдвэрийг гаргана” гэж Путин Крымээс ирсэн асуултад хариуллаа.

 

15:37. Путин муухай хараал хэлдэг, гэхдээ зөвхөн өөртөө.

 

“Орост  шударчхаад байдаг тийм нүгэл бий” гэж ерөнхийлөгч шоглов.

 

15:37. “Манай яам, албан газруудад  зорилт, ажиллагааны арга барил хангалтгүй байна. Заримдаа хамаг юм нь урсгал ажилдаа живчих юм” хэмээн тэрбээр засгийн газар  сулхан гэсэн асуудалд тайлбар өгөв.

 

15:34. “Оросын өөр ямар дайсныг манай Агаар, сансрын хүчин бөмбөгдөх вэ?” гэж Никита гэх залуу сонирхов.

 

“Бидэнд муу зам, салан задгай цохилт өгөх хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгч “Алтан тугал” номоос ишлэн шоглоомоор хариу өгөв.

 

15:32. Обамагийн “гол алдааны” тухайд

 

“Нэгдүгээрт, Обама  замбараагүй хүн гэдгийг харуулж байна” гэж Обамагийн Ливийн талаар гол алдаа гаргасныг Путин тайлбарлаад “Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь амаргүй хэрэг. Харин алдаа нь үргэлжилж байгаа нь муу л даа. Сирид алдаагаа бараг давтах шахлаа, хэрхэн төгсөхийг мэдэхгүй” хэмээн нэмэрлэв.

 

15:30. “Эмэгтэй хүн ерөнхийлөгчийг сайн хийж чадах магадлалтай.  Бидэнд замаа засах, эрүүл мэндийн асуудал, эдийн засгийг хэрхэн хөгжүүлж сэргээхээ бодох хэрэгтэй. Хэрэв бид энэ бүгдийг хийж чадвал бидэнд хэн нэгэнтэй үзэлцээд байх хэрэг алга. Учир нь энэ тохиолдолд л бид өөрсдөө ирээдүйтэй, халдашгүй гэдгээ мэдэрч, энэ оронд амьдрах хүсэлтэй, түүгээр бахархдаг хүмүүс болно” гэж  нэгдүгээр ангийн сурагч охин Алинагийн “Орост эмэгтэй ерөнхийлөгч гарч ирэх үү” гэсэн асуултад хариулахдаа хэлэв.

 

15.21: Оросын зэвсэглэлийг Сирид “туршсаны” дараах зэвсэг  наймаалах гэрээний тухай асуулт. “Энэ  талаар бид  ажил үйлс өөдрөг байгаа. Дутагдал бас бий. Зэвсэг үйлдвэрлэгч нар техникийг байлдааны талбарт  гүйцээн бүрэн байдалд оруулсан гэж Путин хэвэв. Зэвсэг үйлдвэрлэгч нарын  ажилгүй болчих вий гэсэн айдаст тэрээр хариулахдаа  “Улсын батлан хамгаалахын  захиалга буурахгүй” гэлээ. Хүчний байгууллагууд дахь хэмнэлт нь зөвхөн урсгал зардлыг бууруулахтай холбоотой гэж ерөнхийлөгч онцлов.

 

15:14. “Ерөнхийлөгчийн ажил бусад олон хүний ажлаас дутахааргүй  хүнд” хэмээн Путин тэмдэглэв.

 

15:07. Гурван цагийн дотор Путин 56 асуултад хариулт өгсөн байв. Оросууд ерөнхийлөгчөөсөө оффшорын материалууд, ирэх сонгуулийн тухай, хоригийн талаар, Минскийн тохиролцооны талаар асуужээ.  Гурав дахь цагийн хамгийн сүүлчийн асуулт нь Украины шинэ ерөнхий сайдын тухай байв. Путин Украины шинэ засгийн газрын талаар  мэдэхгүй, тэд юу ч танилцуулж чадаагүй байна гэлээ.

 

15:04.Уулын Карабахын мөргөлдөөний талаар

 

“Энэ бол маш эмзэг сэдэв. Дордуулаад яах вэ гэсэн эмчийн хандлагаар л бид түүнд хандах ёстой” гэж Путин хэлэв. Хоёр талын зөвшилцөл, улс төрийн аргаар Карабахын шийдвэр гарах ёстой гэж Путин  тэмдэглэв.

 

15:01. Үндэсний гварди, Холбооны цагаачлалын алба, ДХЯ-ны шинэчлэлээр асуудал өрнөв

 

“Цомхон болгох нь зайлшгүй.  Албадыг шинэчилснээр бөөнөөр халах  зүйл гарахгүй” гэж тэр амлав. Путины хэлснээр, Үндэсний гварди нь бие даасан хүчний байгууллага бөгөөд ерөнхийлөгчид  захирагдана. ДХЯ-анд итгэл үзүүлээгүй асуудал биш ажээ.

 

14:51.”Донбасс цаашид яах вэ? Дахиад дайн уу?” гэж  хүмүүс сонирхож байв.

 

“Украины талаарх Минскийн тохиролцоог биелүүлэхээс их зүйл хамаарч байв. .. Дандаа л бид ямар нэгэн зүйл хийх ёстой гэж дүвчигнэх юм. Харин ч бид хийх зүйлээ гүйцээсэн...” гэж Путин хэлэв.

 

14:41: Улс, бизнес хоёр хэзээ эрүүл түншлэлд орох вэ?” гэсэн асуудлыг шалгалтаар туйлдсан бизнесийнхэн тавьж байна.

 

“Бидэнд нэн ялангуяа албан тушаалтнуудад тийм менталитет байгаа юм.  Шалгах хүсэлт гурав дахин буурсан. Ирж буй хүсэлтүүдийн тал хувийг нь прокурор дэмжих болсон” хэмээн Путин хариулж байв.

 

14:16. Хориг арга хэмжээнүүдийн тухай фермерүүд асуудлаа тавьжээ.

 

“Ойрын үед манай түншүүд бидэнд тавьсан хоригоо цуцлах талаар хөдлөхгүй гэж би бодож байгаа. Тэдэнд мухардалд орсноо хүлээх зүрх байхгүй. Тэр хязгаарлалтаа барихын тулд ямар нэгэн зүйл бодоод л гаргаж ирнэ. Харин бид тэдний хүнсний бүтээгдэхүүнийг манай зах зээлд гаргахгүй арга хэмжээгээ  хариуд нь барих шаардлагатай болно” хэмээн Путин  хариулт өглөө.

 

14:14. Путин Кадыровын тухай: “Тэр бидэнтэй эцгийнхээ хамт зэвсэг бариад тулалдаж ирсэн хүн. Түүнийг хэн ч шахаагүй. Тэр өөрөө Чечень  Оросын бүрэлдэхүүнд байх ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Хүний дотоод сэтгэлийн өөрчлөлт нь тэр юм” гэлээ.

 

14:09. АНУ-ын засаг солигдоно гэдэгт Путин итгэлгүй байна

 

“Нэгдсэн улсыг аваад үзье. Эхлээд том Буш дараа нь бага Буш. Ялгаагүй л нэг гэр бүл. Клинтон хоёр бүрэн эрхийн хугацаатай байв. Одоо эхнэр нь ерөнхийлөгчид горилж байна. Дахиад гэр бүл гарч ирэх нь. Тэд удирдлагаа сольж чаддаг гээд байдаг, тэр нь хаана байна?  Манайхан эхнэр нөхөр хоёрын нэг нь чөтгөр гэдэг шүү дээ. Тэд тэнд удирдах болно” гэж Путин хэлэв.

14:00. Утасдагсдын тоо гурван саяас давлаа.

 

13:54. Соёлын зүтгэлтнүүдээс асуулт тавьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бизнес эрхлэх нөхцөлийг хангаж өгөх Ростовы мужийн олон нийтийн байгууллагын хүсэлтийг Никита Михаилков дамжууллаа.

 

13:48. Клинтон, Трамп хоёрын хэн нь Орост  муу байх бол гэсэн асуултад “хэн сайныг нь хайж олох хэрэгтэй” гэж Путин хариулжээ.

 

13:47. Панамын оффшорын  жагсаалтад нэр нь  орсон Оросын хөгжимчин Сергей Ролдугин  бүх мөнгөө ховор нандин хөгжмийн зэмсэг худалдан авахад зарцуулаад  тэднийг дамжуулан худалдан авсан бүтэц, сангуудад өртөй үлдсэнийг Путин хэлэв. Манай Орост  анч нохойн гөлгөөр хүртэл авлига авч болдог харин хөгжмийн зэвсэг хийл , морин хийлээр авлига авч болно гэж би л лав сонсоогүй юм байна. Тэдний жагсаалтад өгүүлсэн байгаа Сергей Павлович Ролдугин тэнд олсон мөнгөөрөө хөгжмийн зэмсэг худалдан аваад улсдаа өгнө  гэсэн санаа тэдний тархинд нэг л бууж өгөхгүй байгаа юм” хэмээн Путин найзынхаа талаар тайлбарлав.

 

13:43.  “Өгүүлэл бичээд тэр нь анх  Sueddeutsche Zeitung сонинд хэвлэгдсэн юм. Харин Sueddeutsche Zeitung сонин нь Goldman Sachs гэх америк банкны хэвлэлийн холдингид ордог. Нэг үгээр  чих нь энд тэндгүй гозолзоод улайчихгүй байгаа. Бид тэднээс гэмшил гуйна гэж үү. Тэд тэртэй тэргүй түүнийгээ хийгээд л явна. Сонгууль ойртох тутам тэр  нь ихэснэ” хэмээн Панамгейтын талаар Путин хэллээ.

 

13:34. Курилийн ольтригийн Шикотан арлын загасны үйлдвэрийн ажилтнууд хэдэн сар цалин аваагүй арлаас гарч чадахгүй байгаа гээд Путинаас тусламж гуйлаа. Путин ерөнхий прокурорт  энэ талаар шалгах үүрэг  өгөв. Ярилцлага бараг дуусаагүй байхад прокурор орлогчоо  Сахалин руу илгээжээ.

 

13:29: Хүүхдүүд  Путинаас будааны чанамал дуртай эсэхийг нь асуув. Ерөнхийлөгч өглөө бүр  каша иддэг гэж хариуллаа. Алтан загас бариад гурван хүслээ биелүүлэх боломж байсан бол түүнийг хэрхэн ашиглах вэ гэсэн 11 настай Анжела охинд “бид бүгдийг өөрийн гараар бүтээх хэрэгтэй. Хэрэв ид шидэнд итгээд байх юм бол “хагархай тэвштэйгээ” үлдэнэ гэж Путин зөвлөв.

 

13:08. Мельдоний гэх эмийн талаарх дуулианыг Путин улстөржөөгүй гэж үзэв.  Олон улсын сэргээшийн агентлаг одоо  байр сууриа эргэн харах болсон нь үүнийг гэрчилнэ гэж Путин хэллээ. Бид шударга шийдлийн төлөө тэмцэнэ гэж Путин амлав.

 

13:07. Эхний цагт Путин 20 орчим асуудалд хариулав.  Олон асуулт гадаад харилцаа, Сири дэх цэргийн хүчин, Орос-Туркийн харилцааны талаар байлаа.

 

13:02. Гатчина  суурины  эмэгтэй Людмила Путины  шинэ гэрлэлтийн  цуу яриаг  сануулаад Путинээс хэзээ тэргүүн хатагтайг танилцуулах вэ гэж асуув.

 

“Людмила Александровна бид хоёр маш дотно харилцаатай байгаа. Тэр бүх талаар сайн. Би ч мөн ялгаагүй” гэж Путин хариулав. Хүмүүс Төрийн думын депутатууд, ерөнхийлөгчийг ажлаа хий гээд сонгодог. Хувийн  амьдрал энд чухал биш гэж тэр хэлэв. Хэзээ нэгэн цагт тэргүүн хатагтайг танилцуулах боломжийг тэр үгүйсгэсэнгүй.

 

 

12:57. Экологийн асуудлаар  тэр хариултаа өгсөн байв.

12:49. Туркийн удирдлага хэт даврагчидтай тэмцэхээсээ тэдэнтэй хамтран ажилладаг гэж Путин ярив. Одоо Туркт амрах нь аюултай, тэнд дайн тулаантай байгаа гэж тэр хэллээ.

12:42. Хэрэв Прошенко, Эрдоган хоёр зэрэг живж байсан бол та хэнийг нь аврах вэ гэсэн 12 настай Варвара Кузнецовагийн асуултад “хэрэв хэн нэгэн живэхээр шийдсэн бол түүнийг аврах аргагүй. Харин тэр өөрөө хүссэн бол бид хэнд ч туслахад бэлэн” гэж Путин хариулжээ.

12:40. Дэлхийн ихэнх орнуудтай бид нөхөрсөг харилцаатай гэж Путин мэдэгдэв.

 

12:36. Ерөнхийлөгчийг ямар эмээр эмчилдэг вэ? гэсэн асуултад тэрбээр “ Бид өвчлөхгүйн төлөө байна” гэсэн шоглоомоор хариулав.

 

12:18. Оросын олон улсын валютын нөөц нь 2014 оны эхэн  үедээ эргэн орсон гэж Путин мэдэгдэв. Хэрэв Оросын нөөцийг дүүргэлгүйгээр өнгөрсөн оных шиг зарцуулбал тэр нь дөрвөн жилд хангалтай ажээ.

 

12:15. Оросын эдийн засаг одоо саарал зурваст явж байна.  Төсвийн алдагдал 2,4 хувьтай гэж Путин хэллээ.

 

 

12:13. Та юуг хэмнэдэг вэ гэсэн асуултад тэрбээр цаг хугацаанд гэж хариулжээ.

 

12:11. “Засгийн газарт итгэх үү? эсвэл дэлгүүрийн тооцооны тасалбарт итгэх үү?”  гэсэн асуултатад тэрбээр аль алинд нь гэж хариуллаа.

 

12:03. Омскоос ирсэн замын асуудал шууд ярилцлагын анхных нь байв. Хотын замууд нь “нүхэн дээр нүх” гэдэгт ерөнхийлөгч хариулахдаа, энэ жилд замын асуудал маш их байгааг би өчигдөр асуудлуудтай танилцахдаа харсан. Замын санг 40 тэрбум рублиэр нэмэгдүүлэх талд байгаа гэдээ Путин хэллээ.

 

Сонирхуулахад, Путины анхны шууд нэвтрүүлгийн онд төрсөн хүүхдүүд энэ жил паспорт гардан авцгааж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна