Г.Аюурзаны “Тэнгэрийн судар” тэргүүлж байна

2016 оны 4 сарын 15

Сэтгүүлч:
А.Цээсүрэн

Оюуны эрх чөлөөг дээдлэгч хэн бүхэнд зориулан “Интерном” номын их дэлгүүрт өнгөрөгч долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн 10 номыг танилцуулж байна. Номын жагсаалтыг товч тайлбартайгаар хүргье.

1.Тэнгэрийн судар “нууц товчоон”-ын цохолборууд Г.Аюурзана /20.000 төг/

Монгол үндэстний түүх уран зохиолын алдарт дурсгал "Монголын Нууц Товчоон"-ы утга агуулга, үг хэллэг, монгол үндэстний зан заншил, аман уламжлал, сэтгэлгээний онцлогтой шууд холбогдох олон асуудал бүрэн тайлагдаагүй байсаар байгааг өгүүлдэг байна. Зохиолч Г.Аюурзана "Монголын Нууц Товчоон"-ы энгийн уншигчийн хувьд үсэг залгин уншаад өнгөрсөнгүй, харин түүнд шингэсэн үндэстний зан заншил, домгийн сэтгэлгээ, нууцлаг үг бүрийг шимтэн уншиж, ухаж ойлгосноо уншигч олонтойгоо хуваалцахын тул энэхүү бүтээлээ туурвисан” гэжээ.

2. “Сорхугтани” Б.Сарантуяа /18.000 төг/

Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

3. “Алганы хээ” Б.Эрхэмбаяр /19.900 төг/

Хүн бүрийн алганы хээ өөр, өөр байдаг.  Түүнтэй адилхан яг ижилхэн амьдралтай хүмүүс ч энэ ертөнцөд үгүй. Чамайг дөнгөж хорвоод мэндлэхэд бяцхан гар дээр чинь амьдралын гол шугамыг харуулсан хэдхэн хээ дурайж байдаг. Төрөхдөө хүн өвөг дээдэс, эх эцгийн зам мөрийг өвлөж төрнө. Тэр зам мөр чиний бяцхан алган дээр хэдхэн зураасаар зурагдан тодорсон байна. Гэхдээ тэр зураасуудыг үргэлжлүүлж хааш нь зурах вэ гэдэг бүхэл насан туршид чинь зөвхөн чамаас шалтгаална. Товчоор хэлбэл чи алганы хээгээ эцэг эхээс өвлүүлсэн хувь заяаны хэдэн гол шугамаас салаалуулан хэрхэн урлах вэ гэдэг эзэн биеэс, өөрөөс чинь хамаарна гэсэн үг. Хүн амьдралыг туулах явцдаа алганы хээгээ өөрөө урладаг юм шүү дээ. Өтөл насанд алганы хээнд чинь өдий төдий олон зураас хээ үүсэн тодорсон байна. Тэр олон зураас хээ нэг бүр чиний туулсан амьдралын зам мөрийг гэрчлэх бөгөөд тэдгээр зураасууд чиний үр удмын чинь алганы хээ дээр ул мөрөө үлдээж өвлөгдөн зурагддаг.

4. “Тасдаж үл болох сарнай” Б.Эрхэмбаяр /9.900 төг/

Хүний амьдрал хайраас эхтэй шиг уншигч таны гар дээр очиж буй “Тасдаж үл болох сарнай” ном хайрын олон өнгийг танд хүргэх болно. Хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх гэдгийг зохиогч уг номоороо уншигч түмэндээ хүргэхийг зорьжээ. Номын баатруудын амьдралын дэнс дээрх алдаа оноо, эрхэм нандин сэтгэл, гэгээн хүсэл мөрөөдөл, уншигч таны сэтгэлд ухаарал, урам зориг, эрч хүч хайрлаж, таны зүрх сэтгэлдээ ургуулсан хайр “тасдаж үл болох сарнай”-тай зүйрлэжээ.

5. “Очир эрхшээгч” Б.Батрэгзэдмээ /21.000 төг/

Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэддэг. Мөн дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтний эрхэм нандин эрмэлзэл болох энэрэл хайрыг утга зохиолын аргаар харуулжээ.

6. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл Ж.Фолт /15.000 төг/

Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхийг өгүүлдэг. Мөн тухайн үеийн ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.

7. “Зуун жилийн ганцаардал” Г.Маркес /11.900 төг/

Г.Маркес сэтгүүлчийн мэргэжил эзэмшин олон газраар аялсны эцэст 17 жилийн өмнө эхлүүлсэн зохиолоо барьж авсан нь "Зуун жилийн ганцаардал" байлаа. Зохиолд Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний мөн чанарын илрэл зэрэг нь уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

8. “Сайн хаан Бат” Б.Сарантуяа /20.000 төг/

Зохиолд 19 настай залуу хөвгүүн Бат их эзэн Чингис хаан өвгийнхөө захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгон байлдан дагуулсан тухай өгүүлнэ. Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулж, өнөөгийн Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд байлгах эхлэлийг тавьсан тухай унших болно. Энэ зохиолд идэр жанжин, эрэлхэг баатар, сайн хаан Бат гэж хэн байсан тухай өгүүлэх болно.

 9. “Чонон сүлд” З.Рун /9.900 төг/

Энэ номонд эгэл жирийн амьдралын өгүүлэмж, хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухааныг харуулдаг. Малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай өгүүлдэг. Мөн чоныг бишрэн шүтэж, зэрэгцэн оршиж амьдардаг тал нутгийнхны ахуй, амьдрах арга ухааныг дүрслэн гаргажээ. Уг ном нь Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан бөгөөд "Чонон тотем" нэрээрээ ихэд алдаршсан.

10. “Лолита” В.Набоков /9.900 төг/

“Лолита” роман гарснаар уншигчдын дунд шуугиан дэгдээсэн төдийгүй энэ зохиолоос сэдэвлэсэн хэд хэдэн кино бүтээжээ. Уг номын зохиогч В.Набоков уран зохиолын нарийн түвэгтэй арга барилаар бичдэг нэгэн. Тэрээр дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гүнзгий задалж гаргадаг, урьдаас таашгүй сэдвийг хөндөж байдгаараа олны анхаарлыг татсан зохиолч юм. Тэрээр "Лолита" романд хараа хяналт дутсан охин, өөрийгөө гэх хар амиа бодсон эх, хүсэл тачаалдаа байж ядсан солиот эр зэрэг сонирхолтой баатруудыг харуулдаг. "Лолита" роман эцэг эх, нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчдийг туйлын сонор сэрэмжтэй байж,  аюулгүй ертөнцөд ирээдүйн хойч үеийнхнийг хүмүүжүүлэхийг сануулдаг байна.

Опро Уинфриг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэрээр “Опрагийн ток шоу” телевизийн нэвтрүүлгийн алдарт хөтлөгч, продюссор, жүжигчин бөгөөд дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг билээ. Энэ удаа түүний “Миний мэдэх сайн зүйлс” нэртэй бестселлер номыг танд санал болгож байна.

“Миний сайн мэдэх зүйлс”-тэй танилцана уу

Хэрвээ хэн нэгэн танаас “Чиний хамгийн сайн мэддэг зүйл чинь юу вэ?” гэж асуувал та юу гэж хариулах байсан бол. Харин “Опрагийн ток шоу” хэмээх телевизийн нэвтрүүлгийн алдарт хөтлөгч Опра Уинфригаас 1998 онд хожмоо Чикаго Сан-Таймс сонины алдартай шүүмжлэгч болсон Жене Сискел телевизийн шууд ярилцлагын үеэр асуусан байна. Гэтэл түүний тавьсан энэ асуулт Опраг хэсэг зуур хөшөөж орхих нь тэр. Тэрээр “Ммм...миний хамгийн сайн мэддэг зүйл маань юу гэвэл үү? Би сайн бодох хэрэгтэй юм байна аа Жене.” гэжээ.

Үүнээс хойш Опра “Миний хамгийн сайн мэддэг зүйл юу вэ?” гэдэг асуултыг амьдралынхаа 14 жилийн турш тавьж иржээ. Ингээд тэрээр уг асуултынхаа хариулт болгож “Опрагийн сэтгүүл”-дээ нэгэн жижигхэн булан нээн хөтлөх болж, түүндээ өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаас авсан туршлага, сургамж, ухаарлаа бичиж, цувралаар нийтлэх болсон нь хожмоо уг ном бичигдэх үндэс болсон юм. Түүний “Миний сайн мэдэх зүйлс” хэмээх номыг орчуулагч С.Сайнбаяр эх хэлнээ хөрвүүлэн уншигчдын хүртээл болгосон бөгөөд “Баяр баясгалан”, “Сэтгэлийн хат”, “Талархал” зэрэг найман бүлэгтэй. Бүлэг бүр нь танд урам зориг, бодол ухаарал, сайхан түүхийг өгүүлэх болно.

“Миний сайн мэдэх зүйл бол хөл дээрээ босож зогсох, хязгаарыг давж алхах, хүссэнээрээ амьдрах сонголтоос таны хүрэх замын аялал эхлэнэ” /Опра Уинфри/

Тэрээр номондоо “Би зүгээр л нохойгоо салхилуулж явахдаа, цай буцалгаж суухдаа, хөөстэй ваннанд хэвтэж байхдаа, ердөө л тэдгээр багахан хэрнээ сэтгэл ханамжтай цаг минь гэнэтхэн л зүрх, тархи, дотоод сэтгэлийнхээ гүн дэх мөн чанарыг нээж, өөрийгөө олох юм байна гэдгээ өчүүхэн ч эргэлзэлгүй ойлгосон юм” хэмээн өгүүлсэн байдаг.

Өнөөгийн энэ их стресс, бухимдалтай нийгэмд зөвхөн өөртэйгээ ярилцаж, сэтгэл оюуны цэнгэл амсах цөөн хэдэн цагийг өөртөө зарцуулахыг хүсвэл уг ном танд тусална. Тухлан сууж, таалан уншаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна