Дагестаны гоо бүсгүйг иргэншлээсээ татгалзахыг шаарджээ

2016 оны 4 сарын 15

Оросын гоо бүсгүйн тэмцээний оролцогч, Дагестан гаралтай Албина Илдарова тэмцээний шалгаруулалтын үеэр усны хувцастай зураг авхуулснаас болж нутгийн хуучинсаг үзэлтнүүдийн шүүмжлэлийн бай болжээ.

Албина Илдароваг Дагестаны хуучинсаг үзэлтнүүд бүр иргэншлээсээ татгалзахыг шаардсан гэнэ.

Гоо бүсгүйн титэм зүүх амаргүй хэрэг аж. Тэмцээнд ялахын тулд бүсгүй бүгдэд хүлээн зөвшөөрөгдсөн гоо үзэсгэлэнтэй байхаас гадна дуулж, лимбэдэж чаддаг, ядаж л ямар нэгэн авьяастай байх ёстой. Бас гоо бүсгүйн тэмцээний ялагч гэж хөтлөгч нэрийг нь андуурч, зарлахад ч гэсэн биеэ барих хэрэгтэй болно. Гэвч нутаг нэгтнүүд чинь усны хувцастай зураг авхуулсны төлөө садар хэмээн дуудаж, ална гэж сүрдүүлэх хүртэл ямар ч шалгуур хэцүү санагдахгүй.

Оросын гоо бүсгүйн тэмцээний оролцогч Дагестаны гоо бүсгүй Албина Илдаровад ийм л зүйл тохиолджээ. Гэвч цаад шалтгаан нь Албина Илдарова Исламын хэт хуучинсаг үзэл сүүлийн арав гаруй жил улам хүчээ авч буй ОХУ-ын өмнөд муж Дагестанаас ирсэнд байгаа юм.

ОХУ-ын Төрийн Думын ёс зүйн хорооны дарга Гажимет Сафаралиев “Тэр Дагестан гаралтай гэж хэлэхээсээ ичиж, иргэншлээсээ татгалзвал таарна. Тэрний энэ нүцгэн зураг Дагестанд, бас манай эмэгтэйчүүдэд ямар ч сайн зүйл авчрахгүй” гэжээ.

Оросын гоо бүсгүйн тэмцээний оролцогчдын зураг фэйсбүүк цахим сүлжээгээр цацагдахад фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэгдэл дунд “Ийм охидын амьдаар нь булшилбал таарна” гэсэн сэтгэгдэл үлдээсэн хүн байжээ.

Хэдийгээр шүүмжлэл, хараал ерөөл тасрахгүй байгаа ч Дагестаны гоо бүсгүй үзэгчдийн саналаар эхний аравт яваа гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна