“Шинийг эрэлхийлэхгүй бол хэрэггүй”

2016 оны 4 сарын 15

Орчин үеийн залуус өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх тал дээр улам бүр нээлттэй болж байна. Таван жилийн өмнө л гэхэд гудамжид явж байгаад цэнхэр, улаан аль эсвэл үнсэн саарал өнгийн үстэй охидыг олж харах нь ховорхон тохиолдол байсан бол өнөөдөр хотын төвөөр алхаж яваа залуус дунд гадаад үзэмж, стиль имижээ зоригтойгоор илэрхийлж чадсан залуусыг олж харахад төвөггүй болжээ. Тэднийг хүлээж авах нийгмийн хандлага ч мөн адил нэг үеэ бодвол харьцангуй эерэг болсон. Үүнээс үүдэн монголчуудын хувцас загварт тавих анхаарал улам бүр өсөн нэмэгдэж, энэ талаар сонирхон судалж сонирхлынхоо хүрээнд блог хөтлөх явдал улам олширсоор байна. Тэдний нэг болох магадгүй хамгийн залуу фэйшн блоггер болох бүсгүйн яриаг бид энэ удаагийн буландаа онцолж байна. А.Ганчимэг хэмээх энэ бүсгүй Монгол Улсын Их сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр төгссөн боловч өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу “Урлах Эрдэм” дээд сургуульд хувцас загварын дизайнераар суралцдаг юм байна.

-Санхүүгийн боловсрол эзэмшсэн боловч мэргэжлээрээ ажиллалгүй загварын салбар руу хөрвөсөн шалтгаан нь юу вэ?

-Багаасаа загварын чиглэлд сонирхолтой байсан. Энэ салбараар ажиллахыг мөрөөдөж ирсэн боловч хүн ямар ч салбарт ажиллаж амьдарлаа гэсэн санхүүгийн мэдлэг, санхүүгийн харилцаа алхам тутамд хэрэг болно гэж үзсэнээс дахин суралцах шийдвэр гаргасан. Харин одоо яг хүсэж байсан хичээлүүдээ судалж байгаа.

-Загварын мэргэжилтэй хүмүүст зах зээлийн орон зай хэр нээлттэй байдаг гэж боддог вэ?

-Яг томоохон амжилт үзүүлээд явж байгаа хэсэг бол цөөхөн санагддаг. Ихэнх нь салбартаа дундаж, энгийнээр амьдардаг санагддаг.

-Хүн мэргэжлээ сонгох үед олон сонголттой тулгардаг. Чухам энэ салбарыг онцолж татагдах болсон учир нь юунд байсан бол?

-Хувцас загвар бол бүх л зүйлийг илэрхийлэх илэрхийлэл гэж боддог.

-Монголд нэг үеэ бодвол мэргэжил сонирхлынхоо хүрээнд загварын блог хөтөлдөг хүмүүс гадаадтай харьцуулахад хэдий цөөн ч гэлээ өөрсдийнхөө хэмжээнд олширч байна. Өөрийн чинь хувьд блогер болсон шалтгаан юу байсан бэ?

-Хоёр сар гаруйн өмнөөс л блогоо эхлүүлсэн. Миний блог TEAM BOHO гэдэг нэртэй. BOHO CHIC STYLE дээр суурилсан загвар, урлаг, амьдралын хэв маягийг таниулах зорилготой нээгдсэн. Миний бодлоор загвар гэдэг ойлголтод зөвхөн хувцас гэлтгүй амьдрал тэр чигээрээ багтдаг. Энэ бүхнийг өөрийнхөө нүдээр харж бусадтай хуваалцах нь гайхалтай санагддаг учраас энэ чиглэлээр өөрийнхөө урласан зарим нэг хувцсыг оруулж, хүмүүсийн хэрхэн хүлээн авч байгааг нь харах сайхан байдаг. Нэгэнт л энэ чиглэлээр сурч байгаа юм чинь зүгээр суулгүй өөрийнхөө мэдрэмж дээр тулгуурлаад ямар нэгэн зүйл хөтлөхийг л их хүссэн юм.

- BOHO CHIC STYLE гэдгээ тодруулвал?

-BOHO гэдэг нь Bohemian гэсэн үгийн товчлол. Bohemian гэдэг нь хиппи стилиэс салбарлаж гарч ирсэн. Ерөнхийдөө артистик хэв маягийг илүүтэй шингээсэн, хүмүүс өөрсдийгөө чөлөөтэйгээр мэдрүүлдэгээрээ онцлог урсгал гэж би боддог. Өнгөний сонголт, хээ дүрс зэргийн нийлэмж нь өвөрмөц давтагдашгүй өнгө төрх бүтээдэг.

- Танай блогийн ард ажилладаг бүрэлдэхүүнээ танилцуулахгүй юу?

-Блогийнхоо стилийг бол өөрөө санаа гаргаад явдаг. Оюутан болохоор өргөн том бүрэлдэхүүн гэж байхгүй ээ. Өөрөө хувцсаа сонгож, өөрөө обьектоо сонгож, зураг авах сонирхолтой найзуудаараа даруулдаг. 

-Үеийнхнийхээ хувцаслалт стиль имижийг хараад ямар бодолтой явдаг вэ?

-Ойрын хэдэн жилд улам загварлаг болж байгаа нь илүү мэдрэгддэг болсон. Хүн өөртөө тохирсон өөрийгөө илэрхийлж л байвал ямар ч стильтэй байсан зүгээр л гэж боддог. Гэхдээ миний ажиглаж байгаагаар бол ихэнх нь минималист стильтэй болж хувираад байгаа юм шиг л санагддаг. Миний хувьд минималист чиглэлээс эсрэгээрээ янз янзын нүсэр деталиудыг хувцаслалтдаа оруулж өгдөг гэж хэлж болно. Түрүүн хэлснээр 100% BOHO CHIC STYLE биш боловч түүн дээрээ нэмэлтээр artsy, vintage болон classic санаануудыг тусгаж өгсөн. Надад энэ нь илүү онцгой санагддаг юм. Аль болох цацаг, өнгөлөг хээний принттэй, урт уналттай навсгар гэмээр хувцасны донжийг тохируулахад их аятайхан санагддаг.

-TEAM BOHO блогийг сонирхоход дан ганц хувцас загварын тухай биш өдрийн тэмдэглэл гэмээр өнгө аяс анзаарагдаж байна. Блогоо ийм хэлбэрээр хөтлөхөд юу нөлөөлдөг вэ?

-Тухайн өдрийн сэтгэл санаа цаг агаарын байдлаас их зүйл шалтгаалдаг л даа. Харин санааг нь хаа сайгүй газруудаас олж авдаг. Жишээ нь, галерей үзэж байхдаа өнгөний хослолоос нь, ямар нэгэн ном уншлаа гэж бодоход өөртөө таалагдсан дүрийг нь дотроо төсөөлж ийм л хувцаслалттай байх байсан даа гэх мэтээр ургуулан бодоход яаж илэрхийлэх аргаа сонгоод авчихдаг. Дэлгүүрийн лангуун дээр байгаа зүүлтийг хараад үүнтэй ямар хувцас тохирох уу гэдгийг бодож байгаад санаагаа олж авдаг.

-Монголд фэйшн блогийг гадны орон шиг нээлттэй хүлээж авдаггүй байх. Монголд шинэлэг зүйлийг туршихад тохиолдож буй бэрхшээл юу байдаг вэ?

-Гадаадын блоггерууд өөрсдийн блогоороо дамжуулж орлогожих боломжтой байдаг. Монголд бол бараг тийм боломж байхгүй. Гэхдээ яахав, сонирхлынхоо дагуу хөтлөөд явж байгаа надад алдах зүйл байхгүй гэж боддог. Харин ч өдөр тутмын амьдрал илүү сонирхолтой болдог. Бэрхшээлийн хувьд дуртай зүйлээ хийж байгаа учраас байхгүй гэж хэлж болно. Гадны алдартай блоггеруудыг харахад блог нээгээд эхний нэг хоёр жилийн хугацаанд өөрийгөө оролцуулаад гуравхан дагагчтай байдаг байсан гэх мэт түүхийг сонсож байсан болохоор шантраад байх үе гардаггүй гэж хэлж болно. Тийм болохоор тууштай байж чадвал амжилтанд хүрэх байх аа гэж боддог. Хүмүүс бодохдоо хэдэн зураг аваад хэдэн өгүүлбэр байхад л болчих юм шиг боддог. Ард нь зөндөө ажил явагдаж байдаг. Анх outfit-ээ бодож эхэлсэн үеэс эхлээд тэр зургаа хамгийн оновчтойгоор авч чадах хүртлээ олон удаагийн оролдлогын дараа эцсийн зураг нь гарна.

-Блогийнхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Хүмүүсийн дунд зонхилоод байгаа цөөн хэдэн хэв маягаас салж, өөртөө тохирсон өөрийгөө илэрхийлсэн зөвхөн хувцас биш дүр төрхөө олох хүслийг хүмүүст төрүүлэхийг хүсдэг. TEAM BOHO нэрээрээ өөрийн гараар хийсэн хувцсуудаа хүмүүст таниулж танигдахыг зорьж байна.

-Блогоо англи хэл дээрээ хөтөлж байгаагийн давуу болон сул талууд юу вэ?

-Яг өөрийнхөө илэрхийлэх гээд байгаа санааг монгол хэлнээс илүү англи хэл дээр илэрхийлэхэд илүү амар байдаг л даа. Одоогийн хувьд дан англи хэл дээр хөтөлж байгаа болохоор Монгол хүн бүрийн хувьд блогийг маань яг таг ойлгоход хүндрэлтэй байж болох юм. Давуу тал гэвэл өөртэйгөө ижил сонирхолтой гадаад хүмүүстэй холбоо тогтоож, санал бодлоо хуваалцах зэрэг сайн талтай. Гэхдээ мэдээж зурагтайгаа тохирсон богино хэмжээний өгүүлэмжүүдийг оруулж өгдөг болохоор англи хэл гадарладаг хүн ойлгоход боломжийн гэж боддог л доо.

-Блог хөтөлснөөр амьдралд чинь гарч байгаа өөрчлөлт юу вэ?

-Миний хийж байгаа зүйлс илүү зорилготой болж өгсөн.

-Загвар дизайн гэх мэт уран сэтгэмж шаардсан мэргэжлээр суралцаж байгаа хүний хувьд сурж олж авч байгаа мэдлэг нь чухал уу, аль эсвэл өөрийг чинь үнэлж байгаа дүн чухал гэж боддог уу?

-Мэдээж олж авж байгаа мэдлэг чухал. Дүн бол хүссэн хүсээгүй байх л асуудал. Ямар нэгэн системийн дор суралцана гэдэг цагийн юмыг цагтаа хийхийг шаарддаг. Энэ нь ч хүнд үр өгөөжөө өгдөг. Хамгийн гол нь миний сонгосон мэргэжлийн онцлог нь би хичнээн тэр системийн дагуу боломжийн явж байсан ч, шинийг эрэлхийлэхгүй бүтээлч байхгүй бол ямар ч хэрэггүй.

-Энэ салбарыг сонирхдог боловч нийгэмд эзлэх байр суурь хангалтгүй гэдэг шалтгаанаар хүсэл сонирхлоо хойш нь тавьсан олон хүн байдаг байх. Анхнаасаа энэ мэргэжлээрээ суралцаагүй шалтгаан чинь өөрөө ч бас тэдний нэг байсан учраас уу?

-Ер нь хувцас дизайнер хүнийг оёдолчинтой андуурах явдал их байдаг. Үүнийг л би их дургүй хүлээж авдаг. Яг суралцаж байгаа хүний хувьд ямар их ажилтай байдаг, үргэлж хичээж байх хэрэгтэй бас бүх талын мэдлэг хэрэгтэй болдгийг ойлгож авч байна. Хүн болгоны төсөөлөөд байдаг амархан ажил бас биш юм байна лээ.

-Нууц биш бол өөрийнхөө карьерын цаашдын зорилгоо хэрхэн төлөвлөсөн байгаа вэ?

-Энэ мэргэжлээрээ гадаадад сурч үзэх мөрөөдөл бий. Гэхдээ энэ мөрөөдлөө биелнэ гэж их найдаж байгаа. Би өөрөө Нью-Йоркт амьдарч, ажиллаад тэнд байгаа олон боломжийг өөртөө нээхийг хүсдэг. Яагаад ч юм Нью-Йоркт байгаагаа төсөөлөхөөр өдөржингөө ажилласан ч орой нь бас л хийх юмтай байх мэтээр эрч хүчтэйгээр төсөөлдөг. 

-Загвараас гадна чөлөөт цагаа зарцуулдаг хобби гэж байдаг уу?

-Ном унших дуртай. Чөлөөт цагаараа фэйсбүүк дээр хэд хэдэн хуудас нээж хөтөлдөг байсан. Одоо харин зав зай муу гардаг болсон болохоор больсон. Гэхдээ хэдий жаахан ч гэсэн тэр туршлага маань одоо блог хөтлөх аргаа олоход их тус болсон юм шиг санагддаг. 

-Өөрийнхөө хүслээр хувцаслаад гадуур явж байхад зарим хүмүүс эвгүй харах гэх мэт тохиолдолд хэрхэн ханддаг вэ?

-Би өөртөө таалагдаж байгаа болохоор бусад хүмүүс ч гэсэн таалагдаж байгаа болохоор хараад байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ өөрийгөө тийм ч гаж урсгалаар хувцасладаг гэж боддоггүй. Донжийг нь тааруулдаг гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг гэх үү дээ. Би өөрөө итгэлгүй байвал ямар ч хувцас байсан санаа амар байж чадахгүй байсан байх аа.

-Өөртэй чинь ижил мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд хандаж захих зүйл байна уу?

-Суралцаж эхлэхээсээ өмнө гар зураг зурах зэрэг чадваруудаа эртнээс хөгжүүлж байвал цаг их хэмнэнэ. Хүмүүсийн ярианд автаж амархан гэж бодолгүйгээр судалж мэдсэнийхээ дараа шийдээ гаргах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна