Харри Поттерын найм дахь цуврал хэвлэгдэнэ

2016 оны 4 сарын 15

Поттерийн номын шүтэгчдэд нэгэн таатай мэдээ дуулгая. Little, Brown and Company гэх хэвлэлийн газраас хэвлэсэн ид шидтэн Харри Портерын адал явдлын найм дахь ном долдугаар сарын 31-нд номын дэлгүүрүүдийн лангуунаа гарна. Жоан Роулингийн “Харри Поттер ба хараалгасан хүү”  ном нь ижил нэртэй жүжгийн анхны тоглолт хийсний маргааш нь худалдаанд гарах юм. Жүжгийг Лондоны Palace театрт тавина. Сонирхолтой нь долдугаар сарын 31-нд гол баатар нь төрсөн гэх.

Шинэ ном нь жүжгийн зохиолоос бүтэх бөгөөд үйл явдал нь өмнөх долоо дахь номын  хэрэг явдлаас хойш 19 жилийн дараа өрнөдөг гэнэ. Шинэ түүхийн гол баатар нь Харри  Поттерын бага хүү Альбус Северус болно. Тэрбээр  өөрийн гэр бүлийн  энгийн биш өмнөх үетэй тулгарч хэдэн ноцтой сургамжуудыг авдаг ажээ. Жоан Роулинг жүжгийг ганцаараа бичээгүй, зохилч эмэгтэйд кино зохиолч Жек Торн, найруулагч Жон Тиффани хоёр тусалсан байна. Тэд уг жүжгийг тавихад бас оролцсон юм.

Одоо жүжгийн бэлтгэл ид өрнөж гол дүрүүдийн жүжигчид шилэгдээд байна. Гермиона Грейнжерийн дүрд хэн тоглох вэ гэсэн асуудал  нэлээдгүй маргаантай байсан юм. Эцэст нь, тэр дүрийг 45 настай Свазиленд улсын уугуул Нома Думезвени бүтээхээр болов. Харри Поттерын дүрд 36 настай британи жүжигчин Жейми Паркер тоглоно. Рон Уизлийн дүрд  Пол Торнли шалгарчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна