Хариуцлагын хуулийг хэлэлцэж эхэллээ

2016 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Хэлэлцүүлгийн явцад НӨАТ-ын хууль хэн нэгний бизнес болсон гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүмжиллээ.

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Энэ хууль бол бүх ААН-д 10 хувийн нэмэлт дарамт учруулсан. Эдийн засгийн хямралын үед татварын дарамт үүсгэхгүй гэж амласан ЗГ юу бодож байна вэ? МАН-ын 10 гаруй гишүүд нийлээд НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьчихсан байхад буцалтгүй тусламжтай холбоотой хэсгийг нь таслаж аваад оруулаад ирлээ. Өнөөдөр монголын тулгамдсан асуудал бол төрийн алдаатай бодлогоос үүдсэн ААН-үүдийн хямрал юм. Тиймээс НӨАТ-ын тухай хуульд нийтэд нь гар хүрвэл яасан юм бэ?

-Шадар сайд Ц.Оюунбаатар: Өмнө нь бэлтгэж байсан НӨАТ-ын тухай хуулийн төслийг та нар өөрчлөөд тэр хуулийн төслөөс хэсэг хэсгээр нь тасдаж аваад баталсан. Одоо хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуультай санал нийлэхгүй зүйл бий.

-УИХ-ын гишүүн Н.Энхболд: “Орон нутагт ажиллахад НӨАТ-ын хууль ААН-д дарамт учруулсан хууль болсон учраас бид нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг өргөн барьсан” гэлээ. Тэрээр Төсвийн байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал өгөхөөр болж хэлэлцэж байгаа хуулийн төслийг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ. 

Ийнхүү гишүүд асуулт асууж санал дүгнэлтээ хэлээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Чуулганаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна