Болливудын оддыг бүдгэрүүлэв

2016 оны 4 сарын 15

Кембрижийн герцогийн ахайтан Кейт Мидллтон, жонон Уильям хоёр Болливудын оддын хамт

Их Британи, Өмнөд Азийн орнуудын харилцааг бэхжүүлэх зорилгоор  Английн хаан ширээг залгамжлагч жонон, Кембрижийн герцогийн ахайтан хоёр Энэтхэг, Бутанд  дөрөвдүгээр сарын 10-16-ны хооронд айлчлалт хийж байна. Айлчлан ирсний хүлээн авалт, ирэх 21-нд тэмдэглэгдэх хатан хааны 90 насны ойд зориулсан  хүлээн авалт, Энэтхэгийн ерөнхий сайдад бараалхсан, ажил хэрэгч хүмүүстэй хийсэн уулзалт, ядуусын хорооллын хүүхдүүдтэй крикет тоглосон, Болливудад  болсон буяны  үйлст зориулсан  оройн  зоог зэрэг нь  айлчлалын хөтөлбөрийн гол хэсэг байлаа. Арга хэмжээ бүр дээр  Кейт Миддлтон гайхалтай дэгжин харагдаж байсныг сонин хэвлэл ихээхэн бичиж байна. Түүний хувцасны сонголт нь британи дизайнчдын бүтээлийн даруухан бөгөөд бага зэргийн Энэтхэг нөлөөтэй даашинзууд байв.

Кембрижийн герцогийн ахайтан, жонон Уильям хоёр Энэтхэгийн кино аж үйлдвэрийн Болливуд төвд зочилсон нь буяны оройн зоогоор өндөрлөсөн юм.  Зочдыг хүлээн авсан талынхан дунд “болливудын Анжелина Жоли” гэж нэрлэгдсэн 42 настай Айшвария Рай, хамгийн  нэртэй, хамгийн эрэлттэй, “болливудын хаан” гэсэн давхар алдартай,  50 настай жүжигчин  Шах Рукх Кхан нар байж харагдлаа.

Ийм хариуцлагатай үдэшлэгт Кейт Миддлтон  өөрийн дуртай, шалгагдсан оёдолчин Женни Пэкхэмийн үйлчилгээг авчээ. Дизайнер өөрийн хамгийн алдар нэртэй үйлчлүүлэгчээ дандаа сайхан хувцаслаж ирсэн юм. Мөнгөлөг өлбөн (бисер) хэлхээсийн гялбаан урсгал бүхий индранил чулууны өнгөтэй, урт даашинзаар гоёсон нь Болливудын оддыг аргагүй л бүдэгрүүллээ. Даашинзийн  чээживч,  том нөмрөг алчуурын өлбөн хэлхээсийг Энтхэгийн мэргэжлийн шилдэг оёдолчид оёжээ. Даашинз нь чанд дэгийн  англи стиль, баярын ганган чимэглэл бүхий  уламжлалт энэтхэг хувцасны  “хибрид” болж чадсан нь энэтхэгчүүдэд таалагдалгүй яах вэ.

Британи гүнжийн гоёлыг  даашинзны өнгө, чимэглэлийг давтсан жижиг цүнх задгай хар шаахай нэмэн чимэглэв. Очир эрдэнийн чууг тойруулан шигтгэсэн том номин эрдэнийн ээмэг зүүсэн байв. Энэтхэгийн Amrapali гэдэг алдартай уран дархны бүтээсэн энэ гоёл  £2,500 фунтын үнэтэй гэнэ.

Болливудын одод өнөөдөр  нутагт нь тренд болоод байгаа бие нь хувцасны цаанаас гэрэлтэх “ню” материалиар хийгдсэн цайвар,  ягаавтар пастелийн дулаан өнгийн хувцас  шилэн гагнарсан ч Кейт Миддлтон арга хэмжээний хамгийн дэгжин хүн байв.

Кейт Мидллтоны  хөнгөн, нисч буй  мэт силуэт бүхий даашинзид дуртай нь энэ айлчлалын үеэр бас нэг сонин зураглалыг гаргалаа. Нью-Дели хот дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд  улбар шар өнгийн хонин нүд  цэцгээс бүрэлдсэн гоё гүрмэл баглааг өргөх үеэр салхи гарч түүний  даашинзны хормой хийсгэв.

Энэ арга хэмжээнд Кетрин дэгжин цайвар өнгийн, 1760 фунтын үнэтэй, ноосон  утсаар нэхсэн, энгэртээ  халааснын клапантай, чөлөөт  эсгүүрийн  “Emilia Wickstead” брэндийн даашинзийг сонгосон байв. Даашинз түүнд зохисон гэж жигтэйхэн ч Кейт Нью-Делийн салхийг тооцондаа авсангүй.  Үр дүнд нь энэ зэрэг дэвийн хүний үзүүлж харуулахаас арай илүү хэсгийг хоёр жилийн өмнө Австралид  гаргасан шигээ Кейт үзүүлэв. Сонин хэвлэл энэ тохиолдлыг  “Kate's Marilyn moment” гэж нэрлээд амжжээ.

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна