Жийнстэй Лавров, дээлтэй Ерөнхийлөгч

2016 оны 4 сарын 15

 

ЖИЙНСТЭЙ ЛАВРОВ

Монгол улсад нэг өдрийн айлчлал хийхээр өчигдөр өглөө  Улаанбаатарт газардсан ОХУ-ын сайд Сергей Викторович Лавровыг өнөөдрийн өдөр тутмын сонинууд “Чухал зочин” хэмээн тодотгожээ. Тэрбээр Монголтой  хамгийн анх 95 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, улс хэмээн хүлээн зөвшөөрсөн хойд хөршийн маань Гадаад бодлогыг атгадгийн хувьд ч, дэлхийд ОХУ-ын эзлэж байгаа байр суурийн хувьд ч үнэхээр “Чухал зочин мөн бөлгөө.

С.Лавров Монголын шороон дээр хөл тавив уу үгүй юу олон нийтийн цахим сүлжээний гол баатар болов. Цэнхэр жинсэн өмд, түүнтэй хосолсон өнгөтэй цамцныхаа гадуур хар пиджак өмсөн онгоцноос бууж ирсэн Лавровын гадаад төрх Монгол улсад ажлын айлчлал хийж байна уу, эсвэл хувийн шугамаар ирэв үү гэсэн эсрэг тэсрэг маргааныг олон нийтийн сүлжээнд өрнүүлсэн. Дийлэнх нь түүний стилийг зохимжгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Чухал зочин маань ирэхээсээ өмнө өгсөн ярилцлагадаа Монгол, ОХУ бол эртний хуучин андууд гэдгийг онцолсон учир “найзындаа” ирж байгаа сэтгэгдэл төрүүлэхийг хүсэв үү.   

 

ЕРӨНХИЙ САЙД С.В.ЛАВРОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

С.В.Лавровыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа.   Ч.Сайханбилэг “Сүүлийн хоёр жилийн туршид Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарсан гэж үзэж байна. Хоёр улсын харилцааг тал бүрээр дэмжиж, хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлье. Хоёр тал Монгол-Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр байгуулсанд баяртай байна” гэсэн юм. Мөн хөтөлбөрийг талууд цаг алдалгүй хэрэгжүүлж нягт  хамтран ажилласнаар хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаагаа  өргөжүүлэх боломж бий болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолсон.                                                   

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монголын бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргахад либералчлах чиглэлээр Оросын талаас арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Монголын бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах яармаг худалдаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад холбогдох дэмжлэг, хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаны хүмүүстээ даалгана гэсэн нь чихэнд чимэгтэй үг байв. Уулзалт харилцан найрсаг уур амьсгалд болсон.

Сониноос манай Ерөнхий сайд  чухал зочинтой  өндрөөрөө өрсөлдөх ганц “дарга” байлаа. 

 

СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Энэ үеэр хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм.Үүний дараа Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Энэ хөтөлбөрт эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Азийн, Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх зэрэг чиглэл тусгагдсан.

     

ОХУ-ЫН ЗҮҮН АЗИД ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГЫГ ТАЙЛБАРЛАВ

Сергей Лавров “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр ГХЯ-нд лекц уншлаа. Чухал зочны олон улс судлаачид, эрдэмтэд, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэ хөтөлбөрийг Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал доктор Д.Ганбат хөтөлсөн юм. Сайдын лекцийг сонсохоор Монголын үе үеийн Гадаад хэргийн сайдууд, дипломатчид, эрдэмтэн судлаачид, ОХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуулийн төгсөгчид ирсэн байв.

Лекцийн дараа зочноос олон улсын байдлаар сонирхсон асуултдаа хариу авлаа. Энэ үеэр ОХУ-ын гадаад байдал, олон улсын зүгээс авсан хориг арга хэмжээ Минскийн гэрээ зэрэг асуудлууд хөндөгдсөн юм. Энэ лекц чухал зочны айлчлалын хамгийн албан бус , найрсаг дулаан агшнуудын нэг болсон байж магадгүй. Тэрээр дараа нь Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг төгсөгчидтэйгаа зураг авахуулсан.

         

ДЭЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочныг Их тэнгэр дэх гэр өргөөндөө монгол дээлтэй хүлээн авч уулзлаа. Дотнын найз, найрсаг андын хувьд түүнийг ийнхүү гэр өргөөндөө хүлээн авч, халуун дотноор ярилцаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд зочноо хүндэлдэг монгол заншлаар хөөрөг барин мэнд мэдэв. Энэ нь түүний “жийнстэй” буултад өгсөн хариу найрсаг талархал “бид найзууд” гэсэн санаа байсан болов уу.

Энэ үеэр Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байгаа, гэхдээ Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой мөн тохиож буй гэсэн нь бидний өнө эртний үерхэл нөхөрлөлийг тодотгосон хэрэг байв.

           

ЯПОНЫГ ЗОРИВ

Цөөхөн цагийн боловч өндөр үр дүнтэй гэж дүгнэсэн  айлчлалаа дуусгасан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өчигдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас Япон улсыг зорьсон. Дүүрэн цэцгээр булагдан үдүүлсэн түүнийг Япон улсад угтах ёслолыг үзэхээр нэлээд олон хүн өнөөдөр хэвлэл харж байгаа болов уу. Гэхдээ өчигдөр шөнө газардахдаа мэдээж жийнстэй байсан чухал зочин өнөөдөр албан хувцастай байх нь дамжиггүй.

NEWS.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна