Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2016 оны 4 сарын 15

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог Конрад-Аденауэр сангийн Суурин төлөөлөгч Даниель Шмюкингийг өнөөдөр /2016.04.15/ Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Даниель Шмюкинг, Улсын Их Хурлын дэд даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр, Конрад-Аденауэр сангаас энэ сарын 25-нд зохион байгуулах “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурлын талаар ерөнхий мэдээллийг танилцууллаа. Тус бага хуралд ХБНГУ, Монгол Улсын холбогдох албаны хүмүүс оролцон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх дүн шинжилгээ, цагаатгалын ажлын талаар төрөөс авч буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулах юм байна. 

Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт бага хурал нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Конрад-Аденауэр сангийн хамтын ажиллагааны түүхийг баяжуулах тун чухал арга хэмжээ болохыг хэлэв. Тэрээр “Бага хуралд ХБНГУ-ын Берлин-Хөхэншөнхаузены хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын туршлагатай мэргэжилтнүүд оролцох юм байна. Монгол Улсын төрөөс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд онцгой анхаардаг. Цагаатгалын комиссын 25 жилийн ой 2015 онд тохиосон. Бидний зүгээс 25 жилийн хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар танилцуулах, дүн шинжилгээ хийх, ХБНГУ-аас туршлага судлах, солилцох боломж юм” гэлээ. Түүнчлэн хэлмэгдүүлэлт нь хүний эрх, эрх чөлөөтэй шууд хамаардаг эмзэг сэдэв учраас цаашид гарч болзошгүй тохиолдлуудаас сэргийлэх үүднээс энэ чиглэлийн судалгаа хийж, дүгнэлт гаргах эрдэм шинжилгээний ажлууд чухал болохыг тэмдэглэн, Цагаатгалын комиссын зүгээс бага хурлын арга хэмжээг бүх талаар дэмжин, оролцохоо илэрхийллээ. 

Уулзалтад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн, тус комиссын зөвлөх П.Бямбацэрэн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна