ОХУ-ыг зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардав

2016 оны 4 сарын 15

 

Армены нийслэл Ереван хот дах ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал болж, эртнээс нааш газар нутгийн маргаантай явж ирсэн Азербайжанд ОХУ зэвсэг нийлүүлж байна гэж эсэргүүцжээ.

 

Жагсагчид ОХУ-аас стратегийн холбоотны үүргээ биелүүлж, Армены үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын асуудалтай холбоотой шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг уриалж, Азербайжанд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаарджээ. Бухимдаж, хилэгнэсэн жагсагчид Ереван дах ОХУ-ын Элчин сайдын яамны байр руу өндөг, зоос шидэцгээж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар Интерфакс агентлаг мэдээллээ.

 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гэрээ ёсоор ОХУ Арментай холбоотнууд билээ. Энэхүү гэрээний байгууллагын бусад гишүүн орнууд нь Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан юм. Азербайжан хэдийгээр тус байгууллагын гишүүн биш боловч Арментай адил ОХУ-тай худалдааны том түншүүд ажээ.

 

Уулын Карабах мужийг өөрсдийн газар нутаг хэмээн маргалддаг Армен, Азербайжаны харилцаа дахин хурцдаж, энэ сарын эхээр зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн бөгөөд Ереваны эрх баригчид Москваг Азербайжаны талд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардаж байгаа юм.

 

Харин ОХУ-ын Шадар сайд Дмитрий Рогозин Москва сөргөлдөгч талуудын аль алинд зэвсэг нийлүүлэх болно гэж мэдэгдсэн бөгөөд зэвсэг нийлүүлэх нь сөргөлдөөнийг тогтоон барих гол арга гэж тайлбарласан гэнэ.

 

Азербайжан ОХУ-аас танк, их буу, зэвсэг худалдаж авахад сүүлийн жилүүдэд дөрвөн тэрбум ам.доллар зарцуулжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна