“Оффшор данстны толгойг илээд сууж байна”

2016 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэхүү төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм. Өнгөрсөн хугацаанд УИХ-д сонгогдсон гишүүнд хариуцлага тооцох асуудал бүрхэг явж ирсэн учраас энэхүү төслийг санаачилсан байдаг.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Хариуцлагын асуудлыг ярихдаа Үндсэн хуультай, Төрийн албаны тухай хуультай, тогтолцоотой нь хамт хэлэлцэх ёстой. Төрийн албан хаагч нь хэзээ ажлаасаа чөлөөлөгдөх бол, хэний талын хүн болбол ажлын байр маань хадгалагдах бол гэсэн айдастай байгаа нөхцөлд дан ганц Хариуцлагын хуулийн төслийг ярих нь өрөөсгөл. Нам нь фракцаасаа сайдаа томилдог байхад яаж хариуцлага тооцох юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Цэц яаж шийдэх нь вэ гэдгийг анхааралтай ажиглацгаая. Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг найман гишүүн санаачлан өргөн мэдүүлэх заалт орж ирж, энэ хариуцлагагүй. Оффшор данстай С.Баярцогтын толгойг илээд сууж байгаа, Оюутолгойн ногдол ашиг авах боломжийг 18 жилээр ухраасан Ерөнхий сайдад хариуцлага тооцохгүй байгаа нөхцөлд ийм шалгуур тавих нь хэр зөв юм бэ?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй. Дээрээсээ хариуцлага эхлэх ёстой. Эрх ямба л эдэлж байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Тэгэхдээ Ерөнхийлөгч ч УИХ-ын гишүүний нэгэн адил ард түмнээсээ сонгогдсон учраас хуулийн тэгш зарчим үйлчлэх ёстой. Хоёр өөр зарчимтай төслийг яагаад санаачлав. Олон улсын туршлагаас судалсан бол аль улсад ийм зарчим байна.

УИХ-ын Тамгын газраас энэхүү хуулийн төсөлд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүнийг сонгогчийн саналаар эргүүлэн татах нь парламент дахь хүчний харьцааг ёс бусаар өөрчлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ эрсдэлийг яаж тооцож байна вэ. Өөрийн орны онцлогийг хэр судалсан юм. Улс орныг тогтворгүй байдал руу чирчих юм биш биз.

Энэ хууль хоёр том намд халгаатай, ялангуяа олон жил төрийн алба хашсан хүмүүст халгаатай гэж би үзэж байна. Шинэ залуу улс төрийн нам, шинэ залуу улстөрчид ашигтай. Бодлогынхоо хувьд хэр зөв юм бэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

-Гадны жишиг барьсан гэхээсээ Монголын онцлогийг харгалзаж үзсэн. Эрсдэл үүсэж болзошгүйг шийдэхийн тул маш олон хязгаарлалт тавьж өгсөн. Эцсийн шийдвэр гаргах эрх нь парламентад байгаа. Энэ нь хадгалагдаж орж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт:

-Манай улс төрийн амьдралын 25 жилээс урган гарч байгаа хууль гэж ойлгож байгаа. Парламентад хүчний харьцаа ойролцоо үед энэ хууль буруу байдлаар ашиглагдах болбол яах вэ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

-Зарчмын хувд нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Ардчилсан нийгмээр 26 жил явлаа, хариуцлагын асуудлыг УИХ өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Хариуцлага ярих цаг нь болсон, хариуцлага буураад байгаа цаад шалтгаан нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хэлсэндээ хүрдэггүй, бодлого нь савлаж байдаг гээд яриад байвал олон шалтгаан бий. Үүнээс болж, ард түмний төрдөө итгэх итгэл суларч байгаа. Хариуцлагын хэрэгжилт бол хуулиа хэрэгжүүлэхээс эхэлнэ. Хууль нь хэнээс эхэлж хэрэгждэггүй вэ гэхээр мөнгө эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хэрэгждэггүй. Хүчтэй төртэй байя гэвэл хуулиа биелүүлдэг болох ёстой. Хариуцлагаас айх шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтанд зайлшгүй байх ёстой.

Ардчиллын дээд хэлбэр Монголд байгаа. Эх орноороо бахархдаг. Гэхдээ хууль, дүрмээ биелүүлж амьдрах ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт яригдах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

-Монголд хариуцлага байхгүй болсон. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ, Засгийн газар хариуцлагатай болъё гэх нь туйлын зөв. Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд хавтгайдаа унаж байгаа нь бидэнтэй л холбоотой. УИХ-ын гишүүн нь баримт нотолгоогүйгээр ярьдаг. Энэ нь УИХ гэх том институцийн нэр хүндийг унагахад нөлөөлдөг. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох ёстой гэдгийг дэмжинэ, гэхдээ яаж вэ гэдэг дээр тоолуур гүйх ёстой. Гэхдээ хатуу намын гишүүнчлэлээр хуваагдчихсан байхад 30 хувийн саналаар гарч ирж, байгаа  УИХ-ын гишүүнийг сонгогчийн 15 хувийн саналаар эргүүлэн татна гэвэл осолтой. 1000 сонгогчтой баг байлаа гэхэд тэдний 15 хувиар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэвэл хэн ч хаанаас 15 хувийн санал гаргаад ирнэ. Энийг эргэж харах шаардлага байна.

Хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна