“Лиерпүүл” гайхалтай ялалт байгуулж, шөвгийн дөрөвт үлдлээ

2016 оны 4 сарын 15

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн ¼ шигшээн хариу тоглолтууд  өнгөрсөн шөнө болж, шөвгийн дөрвөн баг тодорлоо. Английн төлөөлөл болсон “Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Боруссия Дортмунд”-ыг хүлээж авч, хариу тоглолтоо хийсэн. Эхний тоглолт Германд болоход хоёр баг 1:1-ээр тэнцсэн.

Тэгвэл хариу тоглолтод “Ливерпүүл” хөлбөмбөгийн түүхэнд үлдэхээр бас нэгэн гайхалтай эргэн эрэлтийг хийж, өрсөлдөгчөө 4:3-аар буулгаж авлаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:4-өөр хожиж, шөвгийн дөрөвт үлдэж байгаа юм.

Тоглолтын 5 дахь минутад Мхитарян тооны харьцааг нээсэн бол 9 дэх минутад Обамеянг Европа лигийн 11 дэх гоол оруулсан юм. Харин 48 дахь минутад Ориги гоолдож, тооны харьцааг ойртуулсан. Гэвч 57 дахь минутад Ройс хариуг нь барьж, “Ливерпүүл”-ийнхэн нуман тулгуурт орох нь тэр.
Гэвч “Улаанууд” бууж өгсөнгүй. 2005 оны Аваргуудын лигийн финалын тоглолтыг санагдуулам эргэн эрэлтийг хийж, гайхалтай ялалт байгууллаа. 66 дахь минутад Коутиньо тоглолтын эргэлтийн эхлэлийг тавьсан бол 77 дахь минутад Сако булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, тооны харьцааг тэнцүүлэх нь тэр. Гэхдээ тэдэнд хожихын тулд дахиад нэг гоол хэрэгтэй байсан. Тэгвэл 90+1 дэх минутад Мелнирийн хөндлөн дамжуулалтыг Ловрен хаалганд мөргөж оруулж, багтаа ялалт авчирлаа. Ийн “Ливерпүүл” хагас шигшээд үлдэж чадсан юм.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна