Ихэнх нутгаар цас орж, шуурч байна

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, шуурч байна

Өнөөдөр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар  нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн авчээ. Энэ нь мал төлөлт өмнөх долоо хоногоос 12.4 саяар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай байна.  Нийт малын хорогдол 904.1 мянга болж өмнөх 7 хоногоос 46.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс тэмээ 310, адуу 33.3 мянга, үхэр 88.1 мянга, хонь 325.1 мянга, ямаа 457.1 мянга буюу оны эхний нийт малын 1.6 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (149082), Увс (143794), Архангай (101630), Завхан (93396), Баянхонгор (80646) аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.1-5.3 хувь хорогджээ. Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх цувааг илгээж байна.

Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4 сая ам.долларын санхүүжилтээр өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүний багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргүүлсэн нь хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг боллоо.

Хаврын цаг агаарын тогтворгүй үзэгдэл үргэлжилсээр байна. Дөрөвдүгээр сарын 13-14-нд Увс аймгийн нийт нутаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд тал,  Дорнодын зүүн, Сүхбаатарын урд хэсгээр 1.1-5.1 мм цас орсон. Өнөө шөнө Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, шөнөдөө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурлаа. Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар цас орж, салхи 14-16 м/с-ийн хурдтай шуурч байна.

Дөрвөн сарын 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд говь, талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.  

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж