БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2016 оны 4 сарын 15

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан 2016 оны 04 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцоно.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө. Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний “Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ануул Мишра нар Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим (Лок Сабха)-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм.

Хатагтай спикер Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг Улсын парламентын Дээд танхим /Ражяа Сабха/, Доод танхим /Лок Сабха/-ын зарим гишүүд, парламентын Доод танхим /Лок Сабха/-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, албаны бусад хүмүүс орсон байна.

 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим

/Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажаны товч намтар

Сумитра Махажан 1943 оны 04 дүгээр сарын 12-нд Энэтхэг Улсын Махараштрад төрсөн. Хуульч, сэтгэл зүйч мэргэжилтэй.

  • 1982-1985 онд Индор хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн

  • 1984-1985 онд Индор хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орлогч дарга

  • 1989-1991 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1990-1991 онд Парламентын Зөвлөлдөх хорооны гишүүн

  • 1991-1996 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1992-1994 онд Бхаратья Жаната намын Дэд ерөнхийлөгч

  • 1995-1996 онд Мадхая Прадеш мужийн Бхаратья Жаната намын ТУЗ-ийн дарга

  • 1996-1999 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1996 онд Бхаратья Жаната намын Нарийн бичгийн дарга

  • 1998-1999 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1998 онд Бхаратья Жаната намын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 1999-2004 онд Лок Сабхагийн гишүүн

  • 1999-2002 онд Хүн амын хөгжлийн сайд

  • 2002-2003 онд Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн сайд

  • 2003-2004 онд Газрын тос, байгалийн хийн сайд

  • 2004-2009 онд Лок Сабхагийн гишүүн

  • 2009-2014 онд Лок Сабхагийн гишүүн

  • 2014 оноос Лок Сабхагийн даргаар ажиллаж байна.

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтэс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна