“НӨАТ-аас гурав дахиа азтан боллоо”

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

“НӨАТ-аас гурав дахиа азтан боллоо”

Нэмэн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллаар азтан болсон иргэд өнөөдөр батламжаа гардаж авлаа. Энэ дундаас гурав дахь удаа азтан болж буй Сүхбаатар дүүргийн иргэн Б.Энхболорыг онцолъё. Тэрбээр нэгэн найзынхаа өгсөн баримтыг Ebarimt.mn сайтад гуравдугаар сард бүртгүүлжээ. Гэтэл энэ нь түүнийг 500 мянган төгрөгийн азтан болгож, өнөөдөр шагналын эзэн болголоо. Түүний хувьд баримт идэвхтэй бүртгүүлэгчдийн нэг юм байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 300 гаруй баримт бүртгүүлжээ. Ихэнхдээ гэр бүлийнхэн нь түүнд баримтаа өгч, хамтдаа бүртгүүлдэг. Анх 20 мянган төгрөг хожжээ. Ингээд үүндээ урамшсан Б.Энхболор баримт бүртгүүлэх ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Ингээд хоёр удаа 20 мянган төгрөг, гурав дахь удаагаа 500 мянган төгрөг хожжээ.

Дараагийн азтан бол Д.Ариунбаяр. Баянзүрх дүүргийн иргэн, тэрбээр утасныхаа төлбөрийг төлөөд дөрвөн сая төгрөгийн азтан болжээ. Сугалаанд тэр бүр итгэдэггүй ч юмыг яаж мэдэх вэ хэмээн Ebarimt.mn сайтад баримтаа хаа нэг бүртгүүлж байжээ. Гэтэл өнөөдөр дөрвөн сая төгрөг хожсон нь сугалаанд итгэх итгэлийг нь улам сэргээсэн хэмээн баярлан ярьж байлаа. Д.Ариунбаярын хувьд одоогоор 40-50 баримт бүртгүүлжээ. Бидний онцолсон дараагийн азтан бол Б.Балжинням юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн иргэн. Хүүхдэдээ “Аз фарм” эмийн сангаас 6500 төгрөгөөр эм аваад гурван сая төгрөг хожжээ. Тохирол явагдсаны маргааш нь утсаа үзээд азтан болсноо мэдсэн хэмээн хэллээ. Түүний хувьд нийтдээ 52 баримт бүртгүүлсэн байна. Ингээд өнөөдөр гэр бүлийн хүний хамтаар азын мөнгөний батламжаа авахаар иржээ.

3.5 тэрбум төгрөг болжээ

Ийнхүү НӨАТ-ын урамшууллын системээс азтанууд тодорсоор байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн мөнгийг иргэд хожжээ. Гэхдээ энэ 3.5 тэрбумаас ердөө 930 мянган төгрөгийг л иргэд авсан байна. Энэ нь иргэдийн баримт бүртгүүлэх идэвх сул хэвээр байгааг харуулна хэмээн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн зуун сая төгрөгийн азтан нэг, 20 сая төгрөгийн азтан тав, дөрвөн сая төгрөгийн азтан 71, 500 мянгын азтан 828, 100 мянгын азтан 7715, 20 мянгын азтан 77 518 хүн тодорчээ.

“Баримтаа бүртгүүлээрэй”

Та НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд нэн тэргүүнд баримт хэвлэж өгч буй худалдаа үйлчилгээний байгууллагаар өдөр тутам үйлчлүүлэх хэрэгтэй. Ингээд баримт дээрх бар кодоо

ebarimt.mn рүү хандаж бүртгүүлэн, хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм. Мөн тухай бүрд нь бүртгүүлсэн тохиолдолд та азтан болбол ebarimt.mn сайт дахь таны хуудсанд мэдээлэл ирнэ. Одоогоор томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг суулгаад байгаа юм.

Иргэд тодорхой мэдээлэлгүй, аль эсвэл хайнга байдлаас үүдэн баримтаа бүртгүүлэхгүй байгаа юм байна. Тиймээс төлбөрийн баримтаа бүртгүүлэх хялбар аргыг албаныхан гаргажээ. Тухайлбал, иргэн та www.Ebarimt.mn сайтад утасны дугаараа бүртгүүлсэн тохиолдолд худалдан авалт хийх бүрдээ заавал интернетээр баримтаа бүртгүүлэх шаардлагагүй болно. Учир нь иргэн та 13 13 13 дугаар руу сугалааны дугаар, үнийн дүнгээ бичээд явуулахад системд автоматаар бүртгэгдэх юм. Энэ мэтчилэн цаашид системийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж