Дилма Русеф дээд шүүхэд хандав

2016 оны 4 сарын 15

 

Бразилийн Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг парламентын дийлэнх гишүүд дэмжиж байгаа энэ үед Дилма Русеф суудалдаа үлдэх сүүлчийн аргаа хэрэглэж, дээд шүүхээс санал хураалтыг хойшлуулахыг хүсчээ. Түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар энэ ням гаригт Бразилийн парламентын доод танхимд санал хураалт явуулахаар болсон юм. Сүүлийн хорь гаруй жил Бразил эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, авлига, хээл хахуулийн дуулиан газар авснаас  Ерөнхийлөгч Дилма Русеф эрх баригч эвслийн засгийн газарт дэмжлэгээ алдсан юм.

 

Парламентын доод танхимын гишүүд ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй бол Сенатын танхим түүнийг огцруулж, түүний оронд дэд ерөнхийлөгчийг томилох ажээ. Бразилийн хамгийн том нам болох Бразилийн Ардчилсан хөдөлгөөн нам хоёр сарын өмнө эвслээс гарснаар Дилма Русефийн байр суурь ганхаж эхэлсэн юм. Парламентын доод танхим дах  Бразилийн Ардчилсан хөдөлгөөн намын бүлгийн даргын хэлснээр бүлгийн гишүүдийн 90 гаруй хувь нь Дилма Русефт итгэл үзүүлэхийн эсрэг байгаа гэнэ.

 

Урьдчилсан санал асуулгын дүнгээр парламентын доод танхимын 333 гишүүн Дилма Русефийг огцруулахыг дэмжиж, 124  гишүүн татгалзаж, 56 гишүүн хариулахаас түдгэлзжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна