УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын цаг үеийн асуудлаар өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүд

2016 оны 4 сарын 15

 

МОНГОЛ АРДЫН НАМ ИРЭХ СОНГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИЙ БОЛЛОО

 

  • Монгол Ардын Нам улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалж, хөгжил дэвшилд хөтөлж ирсэн туршлагатай улс төрийн хүчин. Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хямралт байдлаас бид гаргаж чадна. Гаргаж байсан туршлага байна, улс орныг зөв удирдаж жолоодож явсан түүх бас бидэнд бий. Хүнд байдлаас гаргах шийдэл, мөрийн хөтөлбөрийг та бүхэндээ танилцуулна.

  • Бид Ази, Европ тивийг холбох дэд бүтцийн олон шугам бүхий томоохон хэмжээний төслийг эхлүүлнэ. Уул уурхайн том төслүүдээ улс орныхоо язгуур эрх ашигт нийцэхүйц нөхцөлтэйгөөр яаралтай эрчимжүүлнэ.

  • Монгол хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгаа олон тулгуурт болгож тэлнэ. Улстөрийн эрүүл, шударга өрсөлдөөнийг хэвшүүлж, авлигын эсрэг хатуу бодлого баримтална. Ухамсар, ёс зүй, хариуцлагын түвшинг төрийн албаны бүх түвшинд дээшлүүлэхэд голлож анхаарна.

  • Шинэ зууны эдийн засгийн загвар мэдлэгт суурилан өөрчлөгдөж байгаа энэ үед манай улс ч бас суурь эдийн засгийн бодлогоо өргөтгөж өөрчлөх болно. Нэг гар утсыг бид 40 тонн нүүрсээрээ худалдаж авч байгаадаа дүгнэлт хийх цаг болсон.

  • Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс орны хэмжээнд юу болов гэдгийг энэ удаагийн УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд багтаж үнэлэлт дүгнэлт өгөөсэй, гарах гарцыг эрэлхийлээсэй гэж бодож байна. Нөгөө талаас аль болох цөөн асуудал хэлэлцээсэй. Ер нь олон асуудал хэлэлцвэл олон алдаа гаргахаар байна.

  • Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, шинэ, нэр хүндтэй парламент өөрчлөх нь зөв. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай авч үзэх ёстой. Хугацаа нь дуусаж байгаа, олон нийтийн дунд үнэлэмж муудсан энэ УИХ-ын хийх ажил биш.

  • Бидэнд нэг ч өдөр алдалгүй шийдвэрлэх олон асуудал бий. Гэтэл УИХ-ын дарга цөмийн хаягдал булшлах тухай шийдвэр хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган зарлаж байх жишээтэй. Цөмийн эх үүсвэр, уран, шар нунтагийг экспортолсон улс нь эргүүлээд цөмийн хаягдлыг булшлах ёстой гэсэн хэлэлцээрт нэгдэж орох гээд байна.

  • Төрт улсын голомт болсон агуу түүхт Монгол Улс хэдхэн төлөвшөөгүй хүмүүсийн бодлогогүй алхмуудаас болж хөрш орнуудаас эхлээд хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ алдлаа.

  • Хариуцлага тооцох бол шоу биш. Хариуцлага алдсан хүнтэй нь хариуцлага тооцож байж төр засгийн ажил цэгцтэй, журамтай явдаг.

  • Төсвийн орлого сүүлийн гурван жил 1 их наяд төгрөгөөр тасарлаа. Энэ оны гурван сарын байдлаар төсвийн орлого 10 хувиар тасарсан байна. Энэ хэмжээгээр төлөвлөсөн, тооцсон ажлууд зогсож байна гэсэн үг.

  • Бид эрх баригчдад өр хэрээс хэтэрлээ, өрийг дарах сан бий болгох ёстой, эдийн засгийн үрэлгэн байдал, өндөр өртөгтэй бүтээн байгуулалт чинь зөв юм уу, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм биш үү гэж удаа дараа анхааруулж байсан.  

  • Улс орныг ийм байдалд оруулсан хүмүүс засаж чадахгүй нь тодорхой байна. Хэн нэгийг буруутгах нь гол биш, цаашид яах вэ, нөхцөл байдалд бодьтой дүгнэлт хийж, алсын хараатай бодлого гаргаж тавих нь монгол орны өмнө тулгараад байна.

  • Монголын эдийн засаг ганцхан уул уурхайгаас хараат биш шүү дээ. Өөрсдийн урагшгүй байдлаас болоод бусад салбараа унагачихсан. Өнөөдөр үүсээд байгаа хямралт байдал бол хариуцлагагүй, төлөвшөөгүй, төлөвлөлтгүй цөөхөн хэдэн хүний буруутай үйлдлээс үүдэлтэй хямрал юм.

  • 20 хоногийн дараа үрээ суулгах гэж байхад 18-20 мянган тонн үрийн будаа хаанаас авахаа мэдэхгүй байдалтай л байж байна. Газар тариалангийн үр шим өгөөжийг хүртэх асуудлыг яг өдийд ярьж байх ёстой. Ноднин энэ асуудлаа ярьж чадаагүйгээс болж ургац алдсан. Гэтэл Засгийн газар буруугаа байгаль цаг агаарт тохсон.

  • Хөдөө аж ахуйн салбар гэхэд манай ДНБ-ний 18-20 хувийг  бий болгодог үндсэний гэж хэлж болох салбар шүү дээ. Хөдөө аж ахуйн салбарт бодлогын өөрчлөлт хийж, ахиц гаргах хэрэгтэй байна.

  • Мах экспортлохын тулд малаа вакцинжуулах ёстой. Малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ жил ноолуур гэхэд дөч, тавин мянган төгрөгөөр эхлэж байна. Өмнө нь 120 мянган төгрөгөөр эхлээд зургаан сар хүргээд 70, 80 мянга болоод тухайн жилийнхээ ноолуурыг аваад дуусдаг байсан ийм л орон. Энэ нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй.

  • Бид арваад жилийн өмнө “Буман нарны гэрэл” төсөл хэрэгжүүлж байсан. Одоо 12 вольтын буман нарын гэрлийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай. 220 вольтын буман нарны гэрэл төсөл яагаад хэрэгжүүлж болохгүй гэж, хэрвээ ингэж чадвал хөдөөгийн олон айл өрхийн мах, сүү эцсийн бүтээгдэхүүн болж, үнэ өртөг шингэж эдийн засагт хувь нэмрээ оруулна.

  • Жишээ нь би 2006 онд Ерөнхий сайд байхдаа улаан буудайг стратегийн бүтээгдэхүүн гээд 1 тонныг жаран мянган төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргэж байсан. Тэгвэл мах, сүүг яагаад стратегийн бүтээгдэхүүн болгож болохгүй гэж.

  • Инновацид суурилсан үйлдвэржилтийн бодлого явуулах хэрэгтэй. Монголын эрдэмтэд өөрийн орны үндэсний салбараа хөгжүүлэх талаар гаргасан олон санаачлага байдаг. Олон улсын хэмжээнд патент авсан санаа ч байна. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлыг ярилцах нь зүйтэй.

 

 

  • ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд холбооны зөвлөл дээр их өрийн үлдэгдэлийн 97,8 хувийг чөлөөлөхөд, нааштай шийдвэрлэхэд оролцлоо. Засгийн газар үлдсэн 3,8 сая долларыг ОХУ-д төлснөөр их өрийн асуудалд цэг тавьсан.

  • БНХАУ-тай хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг өртөг шингэсэн болгох, болж өгвөл эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлд анхаарах, Улаанбаатарын утааны асуудлыг монголд байгаа хүрэн нүүрснийг ашиглан шингэн түлш гаргах замаар шийдэх, хямд өртөгтэй орон сууцыг барих гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон.  

  • Монголын ард түмэн 2012 оны сонгуульд эрх баригчдад өгвөл өгөөд үзье гэсэн шиг төвд ч орон нутагт ч адилхан өгсөн. Эрх мэдлийг бүх түвшинд өгсөн. Харамсалтай нь итгэлийг биелүүлж чадсангүй.

  • 26 жилийн хугацаанд Ардчилсан намд монголын ард түмэн хоёр удаа итгэл үзүүллээ. Энэ хоёр удаагийн итгэлийн үр дүнд юу болов. Би УИХ дахь МАН-ын бүлгийн тайлангийн хурал дээр хэлж байсан. Одоогийн эрх баригчид 2000 онд өмчгүй төр үлдээсэн бол 2016 онд өртэй төр үлдээх нь дамжиггүй боллоо гэж.

  • Ардчилсан намын хамгийн чухал асуудал бол улс орны язгуур эрх ашиг биш фракц гэж нэрлэгддэг явцуу бүлэглэлүүдийнх нь зөрчил юм. Эх орноо хөгжүүлэх бодлого бус хоорондын жижиг асуудлаа шийдэх гэж хамаг цагаа зориулдаг намаас өөдрөг зүйлс хүлээгээд ч хэрэггүй гэдгийг ард түмэн ойлгосон байх.

  • Товчхон хэлэхэд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Манай ардчилсан намыхан гэрээ бүрэн засч чадаагүй л байна.

  • Монгол Ардын Нам ирэх сонгуульд амжилттай оролцох зайлшгүй шаардлага бий боллоо. Эс тэгвээс монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэлтэй байдал үүсэж болзошгүй хэмжээнд хүрлээ. Яагаад гэвэл эдийн засгийн аюулгүй байдал алдагдвал цаашдаа улс орныг ямар ч нөхцөл байдалд хүргэж мэднэ.

  • ДНБ-тэй харьцуулдаг өрийн хэмжээ манай улсын хувьд 183 хувьд хүрчихээд байна. Гэтэл дэлхий нийтийг шуугиулж байсан Грек улс 123 хувьд л хүрсэн байсан.

  • Сонгуульд улс орноо гэсэн бидний дэвшүүлэн тавьж буй шинэ мөрийн хөтөлбөрийг дэмжиж буй хүмүүс, улс төрийн хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ талаар манайх нээлттэй.

  • Жишээ нь УИХ дахь бие даагчид байна. Бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй санал нэгдэж, манайхыг зориод ирвэл нээлттэй. Бие даагчдыг урьж байна гэж ойлгож болно.

  • Сая 750 сая доллар нэмж аваад нийт өр 22,4 тэрбум доллар боллоо. Өрийг энэ хоёр нам адилхан тавьсан даа гэж олон түмний толгойг угаах гэж оролдож байна. 2012 онд засаг солигдоход 10 тэрбум орчим долларын гадаад өртэй улсыг хүлээлцсэн. 10 тэрбумын 2 тэрбум гаруй нь засгийн газрын өр, 7 тэрбум гаруй нь хувийн хэвшилийн өр байсан. Энэ нь 30, 40 жилийн хугацаатай, бага хүүтэй, 22 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар бүтээн байгуулалтад авсан тийм л мөнгө.

  • Өнөөдрийн 22,4 тэрбум бол Монгол банк, Засгийн газрын өр нийлээд 9 тэрбум үлдсэн нь аж ахуй нэгжийн өр байна. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

  • Бид 2008-2012 онд 1,8 их наяд төгрөгөөр төрийн бүх халамж үйлчилгээг шийдэж байсан. Монголын төр хүндээ өгч байсан. Харин 2013-2016 онд 2,4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт өгчээ.

  • Манайх Засгийн газарт орохдоо ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрийг нэлээд судалсан. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжихээр Монгол орны эдийн засаг, Монгол Банкны дотоод асуудлыг нэлээд судлах, хянах учраас, хэрэгжүүлэхгүй талд нь эрх баригчид байсаар байгаад өнөөдөр хүртэл хэрэгжүүлээгүй.

  • Хэрвээ ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэн бол сая 10,7 хувийн хүүтэй 500 сая доллар авахгүйгээр 800 саяаас 1 тэрбум хүртлэх долларыг 0.75 хувийн хүүтэй, урт хугацаатай, маш хөнгөлөлттэй авах боломж байсан. Энэ мэт зөв арга замаар ажиллаж өрийн дарамтаас гарах боломж бий.

  • Улс орны өмнө хүндхэн байдал тулгарлаа. Ирэх сонгуульд сонгогч олон түмэн хариуцлага тооцох сонголт хийнэ гэж бодож байна.

 

Ж.ЖАРГАЛ