Э.Бат-Үүл: Сайн Баттулга болоосой

2016 оны 4 сарын 15

УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд байдаг өрөөнд  хуулийн байгууллагынхан саяхны нэг өдөр шалгалт хийсэн. Энэ үйл ажиллагаан дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл очсоныг хүмүүс янз бүрээр харж, тааж байгаа юм. Энэ тухай нь хотын даргаас тодруулсан юм.

-Х.Баттулга гишүүнийг шалгах үйл ажиллагаан дээр та яагаад очсон юм бэ.  Тэнд очсон асашёрьюү Дагвадоржоос эхлээд улс төр, урлаг соёлын салбарын олны танил хүмүүс анхаарал татсан үйл явдлыг далимдуулж шоу хийгсэд, далдганагсад гэдэг нэр зүүсэн байх. Таныг ч тэдний нэг болохдоо яахав дээ гэх шүүмжлэл байна...

-Тэр өдөр УИХ-ын даргын өрөөнд сууж байхдаа  УИХ-ын гишүүн Баттулгын өрөөнд нэгжлэг хийхээр  тусгайгийнхан  олноороо очлоо гэдэг мэдээллийг интернэтээс авсан юм.  Яагаад нэгжлэг хийхийн тулд тусгай хүчнийхнийг аваачиж зогсоогоод сүрийг бадруулж байгаа юм бол гэж гайхсан л даа. Хуулийн байгууллагынхан хэн нэгнийг нэгжиж, шалгахад өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх юм уу ямар нэгэн байдлаар нэгжлэг хийх үйл явцад саад учруулбал хүч нэмэгдүүлэх арга  хэмжээ авдаг байх.  Тэгээд нийслэлийн прокурор Амгаланбаатараас “Тусгай хүчнийхнийг аваачиж, хүч нэмэгдүүлж нэгжлэг хийхээс  өөр аргагүй байдал үүссэн юм уу” гэдгийг тодруулахад  “Нэгжлэг хийх зөвшөөрөлтэй, гэхдээ тусгайгийнхан яагаад очсоныг мэдэхгүй байна” гэсэн юм.

Уг нь мөрдөн байцаагч  аливаа нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлтэй, хоёроос доошгүй гэрч байлцуулж явуулдаг хуультай. Хуулийн байгууллагынхан  хэнийг ч шалгаж, нэгжиж болно.  Ямар ч тохиолдолд хуулиа ягштал баримталж ажиллах ёстой байдаг. Нэн ялангуяа цагдаагийн байгууллага  хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаараа ямагт үлгэрлэж байх ёстой.

Үнэнийг хэлэхэд хуулийг буруу хэрэглэснээс үүдэж Улаанбаатар хотод үймээн самуун,  эмх замбараагүй байдал үүсэх вий гэж санаа зовсон.  Яагаад гэвэл хот орноо амгалан тайван, иргэдийнхээ  аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүрэгтэй хотын дарга хүн шүү дээ, би. Монгол оронд минь урин дулаан цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлж байна. Нийслэл хотод маань удахгүй АСЕМ-ын уулзалт болох гэж байна.  Өнөөдөр зарим иргэний хөдөлгөөнийхөн “АСЕМ-ын өмнө ямар нэгэн жагсаал, цуглаан хийж, үймээн самуун өдүүлэх нөхцөл үүсгэхгүй. Найрсаг Улаанбаатараа сурталчлах үйлсэд оруулж байгаа бидний хувь нэмэр энэ болог” гэсэн бичиг хүртэл надад ирүүлж байна.  Энэ мэтээр АСЕМ-ыг найрсаг Улаанбаатараа сурталчлах далим гэж бид хаа хаанаа харж байгаа шүү дээ. Ийм үед хуулийн байгууллагынхан хууль бусаар хүч хэрэглэснээс болж  үймээн самуун дэгдэж, Улаанбаатар аюултай хот гэдэг ойлголт дэлхий нийтэд мэдээлэгдэх вий гэж болгоомжилсон. Тийм учраас  гадагшаа гарах мэдээллийг зөөллөх зорилготойгоор бас очсон юм.

-Х.Баттулга гишүүнийг коммунистаар нь дууддаг байж  гэнэт “хайр” зарлаад хамгаалахаар очлоо гэдэг байдлаар зарим нь таныг шүүмжлээд байна лээ...

-Х.Баттулга сүүлийн үед Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвлөлт маягаар ойлгох ойлголтыг ихээр түгээх болсон. Би үүнтэй нь огт санал нийлдэггүй. 1990 оны ардчилсан хувьсгал бол зөвлөлт маягийн тусгаар тогтнолоос  үндэсний эрх чөлөөг олж авсан тусгаар тогтнол руу шилжсэн хувьсгал байсан юм. Одоо бид жинхэнэ тусгаар тогтносон улс шиг байж чадаж байна. Бүх хэрэг явдлаа өөрсдөө мэдэж, төрөө өөрсдөө сонгож,  уул уурхайн баялгаа өөрсдөө мэдэж байна. Зөвлөлт маягийн тусгаар тогтнолтой байх үед бидэнд ийм эрх огт байгаагүй. Энэ үнэнийг хэн ч няцааж чадахгүй. Гэтэл Х.Баттулга үүнийг няцаах гэж оролдоод байна. Мөн тэр цэргийн коммунизмын аргаар бүтээн байгуулалт хийх гэж байгааг нь  эсэргүүцэж байна. Мань эр коммунист коммунистдаа ортодокс коммунист болж байгааг гайхаж байна. Хэрэв Х.Баттулгын цэргийн коммунизм газар авбал  Монголын иргэд хойд Солонгос шиг цэргийн албанд очиж байж л ажлын байртай болдог болно гэсэн үг шүү дээ.

-Улс төрд хэрэглэж байгаа түүний тактик буруу. Гэхдээ хүмүүс түүнийг дэмжээд байх шиг ээ?  

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ  буучихаад  ялагдлаа хүлээн зөвшөөрч, эрх мэдэлгүй болчихсон гэдэг бодит үнэнтэйгээ  эвлэрч чадахгүй  эргэж шунаад, хүчирхийллийн аргаар төрийн эргэлт хийнэ гээд амар заяа үзүүлэхээ байсныг хүмүүс санаж байгаа. Н.Энхбаяр өөрийнхөө шунал хүслээ гүйцэлдүүлэхийн тулд монголчуудыг ялангуяа нийслэлчүүдийг  үймээн самуун, хүчирхийлэл, айдас хүйдсийн барьцаанд байлгасаар ирсэн.

Гэтэл үүний залгамж халаа нь  өнөөдөр Х.Баттулга болчихлоо. Түүний зохион байгуулсан жагсаал дээр хүмүүс “Ерөнхийлөгчийн толгойг тасдъя” гэж орилж байна.  Хичнээн муу хүн байлаа ч Ц.Элбэгдорж бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч.   Гэтэл түүнийг гутаахын тулд цугласан олны цөсийг хөөргөж, үймээн самуун хүсч, тэмцэлд уриалж байна.  Яг үнэндээ  мөргөлдөөн, үймээн самуун үүсвэл  гэм зэмгүй энгийн номхон ард иргэд л хөлд нь үрэгдэж зовно шүү дээ. Цаад талын ийм хор уршгийг нь тооцохгүйгээр ард иргэдийг хөөргөж, ийм бохир улс төр хийж болохгүй л дээ.  

-Х.Баттулга гишүүн улс төрийн тоглоомдоо МоАХ-г  ашиглаад байх шиг харагдах юм?

-Энэ хамгийн буруу. Х.Баттулга МоАХ-г  хувийн зорилгодоо ашиглаад байна. 1990 онд зарим нэг хүний зүгээс бас ийм сонирхол илэрч байсан.  МоАХ-г Мардайн ордыг авах эрх ашгийнхаа төлөө зарим улстөрч ашиглах гэж оролдож байсан юм.  Гэвч МоАХ үүнийг тас няцаасаар ирсэн. МоАХ бол хэн нэгний хувийн ашиг сонирхлыг хамгаалагч  биш.

-Х.Баттулга гишүүний ингэтлээ улайраад байгаагийн цаад учир нь ердөө Таван толгойд эзэн суух шунал гэх юм?  

-Ямар ч байсан бизнесийн өрсөлдөөнд улс төр оруулж ирдэг нь маш буруу. Тэр тусмаа төрийн эрх мэдлийг бизнесийн эсрэг чиглүүлэх нь байж болшгүй зүйл. Баттулга зарим хүний амьдардаг байр,  оффиссийнх нь өрөөг  зааж ирээд олон түмнийг турхирч байна. Большивекүүд, нацистууд л ингэж байсан. Өөрийнх нь “Баянгол” зочид буудлыг шатааж, “Мах” импексийг хурааж авъя гэвэл  юу болох вэ. Мань эр бяртай бүхнийг цуглуулж сүйд болно шүү дээ. Бид бүгдээрээ бурхан багшийн “Өөртөө хүсэхгүй байгаа муу зүйлийг бусдад битгий хүс” гэдэг энэ сургаалийг сэтгэлээсээ ойлгон мэдрэх ёстой.

Ер нь манай компаниуд, бизнесийнхэн төрийн эрх мэдэлтнүүдийн дарамтыг яаж тэвчээд байгааг нь би ойлгодоггүй. Цаашдаа төрд ажилладаг хүмүүс л  компани байгуулж,  бизнес хийх эрхтэй, бусад нь бизнес эрхэлж болохгүй гэдэг байдал газар авбал чөлөөт эдийн засаг үгүй болж,  түүгээр дамжаад ардчилал устана гэсэн үг.

-Х.Баттулга гэдэг хүнийг улс төр ийм болгочихов уу, эсвэл угаасаа ийм хүн юм уу?

-Х.Баттулга хувь хүнийхээ хувьд үнэхээр сайн хүн шүү дээ. Хүнд тусламтгай, ядарсан зүдэрсэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хандана.  Найзлахад   түшигтэй, ихэмсэг зан огт байхгүй.  Даанч улс төр хүнийг ийм болгодог юм байна. Тэр улс төрд ороод ул мөргүй өөрчлөгдсөн. Үнэхээр муу хүн болж хувирч байна. Баттулгыгаа миний таньдаг байсан ардчилал эрх чөлөөнд дуртай сайн Баттулга болоосой гэж хүсч байна.

М.УНДРАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна