Чуулганы хуралдаан өндөрлөлөө

2016 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн асуудлаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулж, гишүүд Чингис бонд, Самурай бондыг юунд зарцуулав гэдэгт хариулт хүсэж, инфляцийн уналт, төгрөгийн ханшийн уналт,  иргэдийн худалдан авах чадварын уналт, валютын нөөц буурч байгаа зэрэг нь дифляцийг дохиолоод байгаа юм биш үү гэсэн анхааруулгыг гишүүд мөн өглөө.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Инфляцийн уналт, худалдан авалтын бууралт,  түүний цаанах аж ахуйн нэгжийн орлого муудаж байгаа байдал, захын дэлгүүрүүдэд иргэд өр тавьж, ахмадууд тэтгэвэр зээлийн өрийн сүлжээ үүсгэж байгаа, валютын нөөц буурч байгаа зэрэг нь дифляци бидэнд тохиолдож байгаа юм биш үү. Эдийн засгийн бүхий л үзүүлэлт уначихлаа. Дифляци эдийн засаг, санхүүгийн хямралыг хэлдэг юм аа гэж заадаг. Бодит энэ байдалд УИХ сайн дүгнэлт хийгээд Засгийн газрыг хөнгөлөлттэй зээл тавихаас бусдыг хааж, дотоодын арга хэмжээнүүдээ авч эхэлбэл яасан юм бэ. Төсвийн энэ байдал, дотооддоо ард иргэд нь идэгдчихээд байгаа энэ нөхцөл байдалд ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ерөнхий сайд аа та, улсынхаа өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцааг Америк, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны эдийн засагтай харьцуулж, ашигтай байдлаар тайлбарлаад байна. Улсын өрийн хэмжээг ДНБ-тэй харьцуулсан харьцаа чинь өрийнхөө сэрэмжлүүлэх түвшинг авч явж байгаа болохоос биш энэ хүртэл өр тавь гэсэн үг биш. Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтийг Засгийн газар 2014, 2015 онд хийж, өрийн дарамтад ороогүй байна гэсэн дүгнэлт гаргаж. Тун гэнэн дүгнэлт. 2014, 2015 онд эдийн засгийн бүх үзүүлэлт унасан. 2016, 2017 оны хүлээгдэж байгаа үзүүлэлт өөдрөг биш. Дэлхийн банк 2016 онд Монголын засгийн өсөлт 1 хувь, ирэх жил 2 хувь гэж байна. Ийм байхад Засгийн газар яагаад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохгүй байгаа юм, юунаас нь айгаад байгаа юм. Жилийн 11 хувийн хүүтэй зээл авахын оронд яагаад 2 хувийн хүүтэй зээл авах боломжийг ашиглахгүй байгаа юм.  Хямралаас яаж гарах вэ, өрөөсөө яаж гарах вэ гэдэг бодлогын мэтгэлцээн хийж байна. Н.Батбаяраа чи МИАТ, Төмөр замд өгсөн мөнгөө Авлигатай тэмцэх газарт очоод тайлбарлаадах.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Харанга дэлдэх хэмжээнд очоогүй байгаа. Бизнесийн орчныг тогтвортой болгохын тулд хувийн хэвшлээ дэмжиж ажилласан. Оюутолгой компанийн охин компанид өгсөн өрийг хүртэл оруулж тооцоод улсын өр 21.6 тэрбум долларт хүрсэн байна, үүнийг нэг иргэнд хуваавал 15 сая төгрөгийн өртэй байна гэдэг улс төр хийж байгаа, болих хэрэгтэй.

Бондын зарцуулалтын тухайд Чингис бондын 28 хувийг дэд бүтцэд, 72 хувийг 1400 үйлдвэрийн төсөлд зарцуулсан. Хэдхэн том компани авлаа гэд байгаа гэвч хэдэн зуун компани авсан. Судалгаа хийж үзэхээр зургаан аймгийн зам барихад зарцуулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: 2011 оны арваннэгдүгээр сард Төсвийн тухай хуулийг баталсан. Тэрнээс өмнө хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан. Нөгөө талаасаа бага орлоготой оронд ордог байсан учраас арилжааны зээл авч болохгүй гэдэг байсан. Дэлхийн банк Монголыг дээгүүр дундаж орлоготой орон болгосноор арилжааны банкны зээл авах боломжтой болсон. Засгийн газрын баталгаа гаргадаг болъё, арилжааны зээл авдаг болъё гээд дөрвөн хязгаарлалтаар хязгаар тогтоосон. Оюутолгойн 250 сая ам.доллар бол арилжааны зээл биш. Монгол Улсын бондыг худалдаж авсан, 3 хувийн хүүгээр. Дараагийнхыг нь 1.7 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай авсан. “Чалько”-гийнх мөн адил. Арилжааны зээл биш. Арилжааны зээлийн анхны эх үүсвэрийг Д.Хаянхярваа сайд байхад евро бондыг анх босгосон. Тэгэхээр өрийн тухай ойлголтоо нэг болгоод шалгуур үзүүлэлтээ яаж хангаж байгаа вэ гэдгийг л ярих ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн, валютын хангалттай нөөцтэй улсыг бид хүлээлгэж өгсөн. Одоо тэгтэл Засгийн газрын өрсөлдөх чадвар дөрөв дахин уначихлаа. Богино хугацааны зээл авч хурдан маневарлаж байна. 290 саяыг авахын тулд суутгалд нь 55.6 саяыг өгч, Засгийн газрын дотоод бондыг 16-18 хувийн хүүтэй гаргаж байна. МАН Засгийн эрхийг барьж байхад зээлийн хүүнд 34.7 тэрбумыг төлдөг байсан бол энэ онд 25 дахин буюу 947.5 тэрбумыг төлдөг боллоо.

Хөгжлийн банкны захирал Ж.Мөнхбат:

-Самурай бондыг гаргахад стандартын дагуу Засгийн газар баталгаа гаргаж, Япон улсын төрийн өмчит Хөгжлийн банк баталгаа гаргасан. Нийт Самурай бондын суутгал нь бусад улс орнуудад олгосноос хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон байдаг.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Тэр нам энэ нам гэхгүйгээр өрийг ярих хэрэгтэй байна. Энэ Монголын ард түмний төлөх өр болчихлоо. Бодитой байдлаар хэд байгаа юм, яаж төлөх вэ гэдгээ ярих. Өрөө яаж төлөх вэ гэдгийг тооцсон юм байна уу. өрийн босго 58.3 хувь гэдэг босгоо давчихсан уу. Бодитойгоор хэлээд өгөөч. Аргачлал нь өөр, өөр гээд яриад байгаа. Хоёрдугаарт нь, өрийг яаж төлөх юм бэ гэдэг тооцоог хийсэн юм уу. Биднээс хойш галав юүлсэн ч яах вэ гэдгээр явж байна уу.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-УИХ-аас тогтоосон өрийн хязгаар ДНБ-ийн 58 хувь дээр барих ёстой. 2015 оныхоор 52.3 хувь, энэ жил 58.3 хувь дээр барина гэдгээр ажиллаж байна. Эргэн төлөх асуудлаар Засгийн газар өрийн удирдлагын менежмэнтийн асуудлаар журам төлөвлөгөө батлах ёстой. Журмыг боловсруулж эхлээд энэ оны эхэнд баталсан. Тодорхой зохицуулалт хийх бүрэн боломжтой.

Ё.Отгонбаяр: Ерөнхий сайдад хандаж хэлэхэд хүүхэд нас барж байна гэхэд тоохгүй мөртөө өөрийнх нь зураг дээр улаан юм гаргаад тавихаар цагдаа, тагнуул гээд гүйж байдгаа боль. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яамны ажилтнууд сошиал, хэвлэл хоёроо ялга аа. Бид нар санаа зовж ярих нь аргагүй. Бидний зүгээс хийх юм юу байна.

Ерөнхий сайдаа эмнэлгүүдийн санхүүжилтийн стандарт гэж байна. Хөдөө орон нутгийн эмнэлгийн санхүүжилтийг сайжруул.

Ч.Сайханбилэг: Вакцины асуудлыг шийдсэн, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг шийдсэн.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна