Цөөн аж ахуйн нэгжүүдэд мөнгө тараалаа гэв

2016 оны 4 сарын 15

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулган  дээр улс орны өрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлтэд хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд МАН-ын зүгээс “Өндөр хүүтэй хугацаа богинотой зээлээр зах зээлээс илүү өртөгтэй зам талбай барьснаа бүтээн байгуулалт хийсэн гэж сайрхдаг” хэмээн эрх баригчдыг буруутгаж байгаа аж.

Уг дүгнэлтэд “2008-2012 оны үеийн хамтарсан Засгийн газар МАН, АН хоёрын сонгуулийн амлалт "Эрдэнийн хувь" 1,0 сая төгрөг, "Эх орны хишиг" 1,5 сая, шинээр төрсөн хүүхдийн мөнгө, Алдарт эхийн одонгийн мөнгө, шинэ гэр бүл  болсны мөнгө зэргийг өгөхөд нийт 1,8 их наяд төгрөгийг зарцуулсан. Гэхдээ энэ мөнгийг өндөр хүүтэй зээлж аваагүй. Харин байгалийн баялгаа зарж, түүнээс олсон орлогоо ард түмэндээ тэгш шударгаар хүртээсэн.  Гэтэл өнөөгийн эрх баригчид зөвхөн гадаад, дотоод зээлийн хүүнд  2013 онд 270,4 тэрбум төгрөг, 2014 онд 500,3 тэрбум төгрөг, 2015 онд 731,1 тэрбум төгрөг, 2016 онд 947,5 тэрбум төгрөг буюу нийт 2,4 их наяд төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан.   МАН баялгаа үнэд хүргэн иргэддээ хувь, хишиг хүртээсэн бол АН өр зээл аваад ард түмнийхээ цалин, тэтгэврийг ч нэмж чадсангүй. Бас Шинэчлэлийн гэх Засгийн газар "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрийн дор 4 орчим их наяд төгрөгөөр цөөн хэдэн аж ахуйн нэгжүүдийг тэтгэсэн. Энэ бол Монгол Улсын иргэн бүрт "Эх орны хишиг"  21 мянган төгрөгийг 5 жилийн хугацаанд сар бүр олгож болох хэмжээний мөнгө билээ. Ийм алдаатай бодлогын уршгаар Монгол улсын гадаад валютын цэвэр нөөц шавхагдах, төгрөгийн ханш сулрах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдлийг бий болгосон. Энэхүү бодлогын алдааны төлөөсийг өнөөдөр иргэн бүр өдөр тутмын худалдан авалтаараа төлж байна.

2012 онд МАН Засгийн газрыг хүлээлгэн өгөхөд манай улсын цэвэр валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар байсан. Энэ мөнгө шавхагдаад дууслаа. Тиймээс Монголбанк сүүлийн 4 жилд "Чингис", "Самурай" бондоос ч их хэмжээний мөнгийг төгрөгийн ханшийн уналтыг зогсоох зорилгоор БНХАУ-ын Ардын банкнаас зээлсэн. Улс орноо валютын цэвэр нөөцгүй болгосон Монголбанкны удирдлага энэ зээлийг хэзээ, хэрхэн, яаж төлөхөө ард түмэндээ нэн яаралтай танилцуулахыг албан ёсоор шаардаж байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна