Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

Рамирес “Челси”-д

Английн хос цомын эзэн “Челси” клуб энэ зуны хоёр дахь томоохон арилжаагаа хийж, “Бенфика” клубын хагас хамгаалагч, Бразилийн шигшээ багийн тоглогч Рамиресийг багтаа элсүүлжээ. Хоёр тал харилцан зөвшилцсөний дүнд өнгөрөгч баасан гаригт гэрээг үзэглэсэн байна.

Өдгөө 23 настай залуу тоглогч улсынхаа шигшээ багийн хамт Өмнөд Африкийг зорьж, дэлхийн аваргад оролцсон билээ. Тэрбээр “Челси” клубтэй 20 сая еврогоор дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Гэхдээ Рамирес Лондонгийн угсаатнуудын шинэ улирлын эхний тоглолтод оролцох боломжгүй гэнэ.

“Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти хэвлэлийн бага хурлын үеэр “Тэр бол үнэхээр гайхалтай тоглогч, гайхалтай хагас хамгаалагч. Залуу тоглогч хэдий ч Бразилийн шигшээ багийн ирээдүй болох авьяастай тоглогч. Түүнийг Челсигийн ирээдүйг тодорхойлно гэдэгт итгэл төгс байна” гэжээ. Харин Рамирес өөрөө шинэ гэрээний талаар “Энэ дэлхий дээрх бүх тоглогч Челсид тоглохоос хэзээ ч татгалзахгүй байх. Харин надад энэ завшаан тохиосонд баяртай байна. Боломжоо бүрэн ашиглахын тулд би бүхнээ зориулна. Эцэст нь хэлэхэд, би маш их жаргалтай байна” гэжээ.

Лондонгийн “Цэнхрүүд”-ийн тухайд энэ улиралд мөн “Ливерпуль”-ээс Йосси Бенаюнг эгнээндээ нэгтгэсэн билээ. Гэхдээ өнгөрсөн улиралд хос цом хүртсэн бүрлдэхүүнээс Жо Коул, Михаэль Баллак, Беллетти, Деку, Рикардо Карвальо, Скотт Синклер нар буурь сэлгээд байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж