Ардчилсан намын даргыг БНХАУ-д айлчлахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын даргыг БНХАУ-д айлчлахыг хүсэв

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын дарга Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Өнөөдөр 11.00  цагт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг,  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон намын нарийн бичгийн дарга нар Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын дарга Ван Жаруй, Гадаад Харилцааны Газрын хэлтсийн дарга Зю Лидун, дэд дарга Юань Жибин, Гадаад яамын тасгийн дэд дарга Ху Ваньжунь, Худалдааны яамны тасгийн дэд дарга Ван Боён, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ли Жяньжунь зэрэг албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.  БНХАУ-ын Гадаад Харилцааны газрын дарга Ван Жаруй тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид Ардчилсан намын удирдлагуудтай үдийн зоог барьж, хоёр орны болон нам хоорондын хамтын ажиллагааны талаар нөхөрсөг яриа өрнүүлсэн юм.  
Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “ Миний хувьд хуучин анд нөхөдтэйгөө уулзаж байгаадаа таатай байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй хөгжлийн үе дээрээ явж байна. Танай улсын төрийн өндөр албан тушаалтнууд ойрхон хугацаанд манай улсад айлчлал хийлээ. Үүний мөрөөр олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихийн эхлэл тавигдаж байна гэдэгт итгэлтэй байна. Саяхан манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан төлөөлөгчид танай улсад айлчилсан. Манай хоёр улс болон нам хоорондын хамтын ажиллагаа цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.  
Харин Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй танай Ардчилсан нам бол Монгол Улс төдийгүй дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн нам гээд цаашид улам амжилттай ажиллахыг хүсэн ерөөж, намын дарга Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлахыг урьсан юм.
Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй Засгийн газрын урилгаар энэ сарын 15-17-ны өдрийг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж