Хөдөөгийн иргэдэд 4 сая евро зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн иргэдэд 4 сая евро зарцуулна

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт ажиллажээ. Тэрээр өнгөрсөн жилийг Монгол улсын Засгийн газраас “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, үүний хүрээнд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 30 тэрбум төгрөг, энэ жил мөн хэмжээний зээл дахин олгож байгаатай холбогдуулж энэ ажил хөдөө орон нутагт хэрхэн явагдаж байгааг газар дээр үзэж сонирхсон байна.  
Архангай аймгийн хувьд өнгөрсөн онд ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд 845,0 сая төгрөгийн санхүүжилтэд 70 төслийг хамруулсан бөгөөд үүний үр дүнд 100 ажлын байр бий болсон байна. Харин энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 650 сая төгрөг олгогдох бөгөөд энэ сарын байдлаар 47 аж ахуйн нэгж, иргэн 433,0 сая төгрөгийн санхүүжилтээ авсан. Зээл олголт 67 хувьтай яваа аж.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тус аймгийн бизнес эрхлэгчид, ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан иргэд болон зээлийн болзлыг хангаж чадаагүй иргэдийг хүлээн авч тэдний санал хүсэлтийг сонсож, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсан байна.  
Мөн уг төслийн хүрээнд зээл авсан “Гост трейд” ХХК, “Од кр”, Тэргүүн суварга” хоршоо, “Хатан трейд”, “Сувдан цонх” ХХК зэрэг хүнс, ус ундааны үйлдвэр, хүнсний ногоо тариалж даршлах, оёдол захиалга засвар үйлчилгээ, үндэсний гутал үйлдвэрлэл, вакум цонхны үйлдвэрүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус аж ахуйн нэгжүүд 8-30 сая төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийн хүрээнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, үүний үр дүнд ажлын бүтээмж, орлого нэмэгдэж байгаа зэрэг олон давуу талтай ажиллаж байгаагаа Тэргүүн шадар сайдад дуулгаж байлаа. Үүний хамт зээлийн шаардлага хэт өндөр, банк хүссэн зээлийг бүрэн олгохгүй тал хувийг олгож байгаа нь төлөвлөсөн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч зээл авсан мөнгө үр ашиггүй өнгөрөх эрсдэл байгааг анхаарч нэгэнт зээл авч байгаа иргэдэд бүрэн боломж олгохыг санал болгож байлаа. Түүнчлэн давхар зээлийн асуудал, зээлийн эргэн төлөлтийн нөхцөлд уян хатан хандах сонирхолтой байгаа гэнэ.
Тэргүүн шадар сайд иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдний саналыг дараа дараагийн ажилдаа анхаарахын хамт шаардлагатай зарим арга хэмжээг авах болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн бизнес эрхэлж байгаа иргэдийг зөвхөн зээлээр хангах бус тэдний  бизнесийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор аймаг орон нутгуудад сургалт мэдээлэл, зөвлөх үйлчилгээг явуулах дөрвөн сая еврогийн төсөл хэрэгжих болсныг дуулгажээ

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж