Германы сайд Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Германы сайд Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 19-23-ны өдрүүдэд айлчлахаар болжээ. Түүнийг дагалдан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн К.Е.Хаппах Касан, Х.Хайбах, Ү.Күмпф болон бусад албаны хүмүүс ирж байгаа аж.

ХБНГУ нь манай улсын Европ дахь гол түнш төдийгүй манай оронд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг эхнээс нь тууштай дэмжин тусламж үзүүлж ирсэн орнуудын нэг юм. Мөн тус улсын Засгийн газраас Монгол Улсад 1991-2010 онуудад 290 гаруй сая еврогийн хөгжлийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд энэ нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд нэг хүнд ногдож буй тусламжийн хэмжээгээрээ Монгол Улсад хандивлагч орнуудаас хоёрт ордог юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам нь гадаадын улс орнуудад үзүүлдэг хөгжлийн албан ёсны тусламжийн асуудлыг хариуцан эрхэлдэг юм.
Айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
Дирк Нийбел 1991 онд Монгол Улсад айлчилснаас хойш өнөөг хүртэл энэ салбарын сайдын түвшинд айлчлал хэрэгжээгүй бөгөөд ноён Д.Нийбелийн айлчлал нь хоёр орны хөгжлийн бодлогын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болох талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж