Шатахууны үнэ өсч, татварт өөрчлөлт оруулав

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ өсч, татварт өөрчлөлт оруулав

ОХУ манай улсад нийлүүлэх зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн тул Засгийн газрын ээлжит хуралдаанаас Онцгой албан татварт өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргаад байна. Иймд бид Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраагаас энэ асуудлаар дараах тодруулгыг хийлээ.

-Зарим төрлийн шатахууны нэмэгдсэн үнээр орж ирж байна гэсэн. Хэдий хэмжээгээр үнэ өсөөд байна вэ?
-ОХУ-аас импортоор орж ирж байгаа А-80 бензины үнэ 68 ам.доллараар өссөн. Энэхүү өсөлтийг жижиглэнгийн үнэ дээр байхгүй болгохын тулд Онцгой албан татварыг 70 мянган төгрөгөөр хямдруулах шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Ингэснээр шатахууны үнэ өсөхгүй болж байгаа юм. Бусад төрлийн бензины үнийг хөдөлгөөгүй болохоор өөрчлөөгүй.

-Шатахууны нөөц хэр байгаа вэ. Найм, есдүгээр сард хадлан тариагаа хураах гээд ажил ихэсч тэр хэрээр шатахууны эрэлт ихэсч, нийлүүлэлт тал дээр хүндрэл үүсдэг талтай?
-Одоохондоо шатахуун хангалттай байна. Гэхдээ ОХУ-ын зүгээс Аи-92 бензинээс бусад шатахуун  дээр нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй гэсэн учраас манай талаас “Роснефть” болоод бусад холбогдох газруудтай ярилцаж байна. Мөн шатахуун импортлогч компаниудад ч ярилцаж байгаа.

-Одоо яг хэдий хэмжээний нөөцтэй байна вэ. Юунаас болоод нийлүүлэлт саарах гээд байгаа юм бол?
-Шатахуун импортлогч компаниуд өнөөдрийн байдлаар 20 хоногийн бензины нөөцтэй. Вагоны ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор найм, есдүгээр саруудад бензины нийлүүлэлт саарч болзошгүй байгаа юм. Энэ тал дээр Эрдэс баялаг эрчим хүчний яам, холбогдох газруудтай ярилцаж байна.

-Шатахуун нөөцлөх явцад маапаан ихээр гарч, улс их хэмжээний хохирол амсах болсон. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
– Хорогдол талыг худалдагч тал хариуцахаар болж өөрчлөлт оруулсан.

-Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид үнээ нэмэхгүй гэх баталгаа байгаа юу?
-Нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх баталгааг Засгийн газар Онцгой албан татварын хэмжээгээр зохицуулж ирсэн. Энэ дагуу л явна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж